Н.Төгсцогт: Би дараагийн тулаандаа бэлэн байна

Н.Төгсцогт: Би дараагийн тулаандаа бэлэн байна

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаандаа өчигдөр /2020.09.20/ ялалт байгуулж, Монгол түмний бахархлыг төрүүллээ. Ингэснээр тэрээр “WBC” холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болж байгаа юм. Түүний өрсөлдөгч Барбадос улсын тамирчин Кобиа Брийди тамирчны гараандаа нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулсан хүчтэй тамирчин байсан юм. 

Н.Төгсцогт нэгдүгээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж унагасан бол хоёрдугаар үед өрсөлдөгчөө солгой гарын угсарсан цохилтоор дахин унагасан. Энэ мэт тэрээр тулааны турш илт илүүрхэж чадлаа.  

Тулааны дараа тэрээр сэтгүүлчдэд ярилцлага өгсөн юм. Түүнээс нэгэн сэтгүүлч “-Тулаан хэр байсан бэ. Өнөөдрийн тулааныхаа талаар яриач” гэхэд “Маш сонирхолтой бөгөөд хүнд тулаан болж өнгөрлөө. Өрсөлдөгч маань маш сайн байлаа. Би түүний чадварыг хүндэлж байна” гэсэн юм. Мөн өөр нэгэн сэтгүүлч “ Таны өрсөлдөгч төсөөлж байснаас тань хэр байв” гэхэд “Тэр үнэхээр сайн бэлтгэгдсэн тулаанч. Би ч бэлтгэлээ дутахааргүй сайн хийсэн.

Надад найман долоо хоног бэлтгэл хийх боломж гарсан. Үүнийг ч алдалгүй сайн ашигласан гэж бодож байна. Харин одоо дараагийн тулаандаа бэлэн байна” гэсэн юм.

“Та дараагийн удаа Гэри Расселтай тулалдана. Та өмнө нь түүнд ялагдаж байсан шүү дээ. Дараагийн удаа ялна гэж бодож байна уу? гэхэд “Тэр үед хөл минь бага зэрэг бэртэлтэй байсан учир хүссэнээрээ хөдөлж чадаагүй. Хөнгөн гэмтэл байсан ч бэлтгэлд маань нөлөөлсөн. Тэр үед бэлтгэл тийм ч сайн байгаагүй гэж хэлж болно. Г.Расселтай дахин тулалдахдаа баяртай байх болно. Энэ удаа төгсгөл нь өөр байх болно гэж найдаж байна” гэсэн юм.

Н.Төгсцогтын баруун гар нь хоёрдугаар үед гэмтсэн бөгөөд үргэлжлүүлэн арван үеийн турш гэмтэлтэй тулалдсаар ялалт байгуулсан нь бахархмаар байлаа.