БНХАУ-ын өрийн хавх ба Монголын Засгийн газрын алсын хараагүй бодлого

БНХАУ-ын өрийн хавх ба Монголын Засгийн газрын алсын хараагүй бодлого

-БИД ХЯТАДАД ХЭДИЙГ ТӨЛӨХ ВЭ-

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр 700 сая юанийн буцалтгүй тусламж олгохоо мэдэгдэж хоёр тал “Солилцох захидал”-ыг байгуулсан билээ. БНХАУ нь 2017 онд хоёр тэрбум юань, 2018 онд 700 сая юань, 2019 онд 600 юанийн буцалтгүй тусламжийг тус, тус олгохоо мэдэгдсэн юм.  Эдгээрээс гадна шинэ цэвэрлэх байгууламж /300 сая доллар/, Налайхын зам /36 сая доллар/, Дарханы зам /БНХАУ-ын 101.5 сая үлдсэнг нь Европын сэргээн босголтын банкнаас/ Хөшигийн хөндийн хурдны зам /140.3/, Яармагийн гүүр /30 сая доллар/, Хоум плазагийн гүүр /42.38 сая доллар/ гэх мэт бүхий л томоохон бүтээн байгуулалтыг БНХАУ-ын зээл, санхүүжилтээр барьсан.

Хятадаас авсан зээлийн хэмжээ

  • Засгийн газрын өр 746 мянган $
  • Богино хугацаат зээл 64 мянган $
  • Бондын өрийн бичиг 149.8 мянган $
  • Хөрөнгө оруулагчийн зээл 354.9 мянган $
  • урт хугацаат зээл нь 202 мянган
  • бусад салбарын зээл богино хугацаат 33.8 мянган $
  • урт хугацаат өр 52 мянган $
  • 2020 оны Улсын төсөвт БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийт  200 сая долларын төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ.

Энэ их авлагын хажуугаар Хятадын Ардын банкны своп хэлцлийн өр бий. Уг өрийг бид 2023 онд төлнө. Авах нэг сайхан өдөр байхад өгөх олон өдөр ирнэ. Гэтэл бидний алга хавсран авсаар л буй үйлдэл манай улсыг БНХАУ-ын өрийн хавханд ойртуулж буйг эдийн засагчид одооноос анхааруулж эхэллээ.

-Н.ЭНХБАЯР: ЗЭЭЛ ТУСЛАМЖИЙН ӨРИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ
БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ-

Тухайлбал, эдийн засагч Н.Энхбаяр Ван И-ийн айлчлалтай давхцуулан хэвлэлд ярилцлага өгөхдөө “БНХАУ эдийн засгийн хувь хэмжээгээр дэлхийд хоёрт ордог. Гадаад бодлогын хувьд ч хүчтэй. НҮБ-ын аюулгүй байдлын гишүүн. Ялангуяа худалдааны бодлогын хувьд ч өөрийнхөө л бодлогын явуулж байна. Гагцхүү харилцагч тал ялангуяа зээл авч буй орон бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Тухайн улсын тулгасан бодлогыг дуугүй дагаад эсвэл хараад суугаад байж болохгүй. Төрийн захиргааны байгууллагууд, Засгийн газар, УИХ-ын бодлого тодорхойлж буй түвшинд ажиллаж буй хүмүүс зөвхөн өнөөдрөө харах бус алсын хараатай 2-3 жилийн дараагийнхийг харах хэрэгтэй. Буцалтгүй тусламжийн тухайд банк санхүүгийн салбарынхан, эдийн засагчид, гадаад худалдааны нийт судлаачид, төрийн бодлого шийдвэр гаргахад оролцдог бүх хүмүүс анхааралтай хандаасай гэж хүсч байна.

БНХАУ-ын хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд бусад улс орнууд өрийн хавханд орж болзошгүй гэдгийг олон улсын байгууллагууд байнга анхааруулж байна. Наймдугаар сард Их Британийн судалгааны  байгууллагаас “Өрийн хавхаар дамжуулсан дипломат бодлого” гэдэг судалгааны нийтлэл гаргасан. Энэ нь олон улсын байгууллагын болон Засгийн газар хоорондын зээлийн ялгаатай талыг илэрхийлж байна. Олон улсын байгууллага нь зээлийг хэрэгжүүлэхээс өмнө тухайн улсын шингээх чадвар, өрийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал, макро эдийн засгийн үзүүлэлт гэх мэт бүгдийг нь судладаг.

Мөн тухайн хэрэгжүүлж буй төслийн үр ашигтай байдал, эргэн төлөх чадвар зэргийг судалж байж хэрэгжүүлдэг. Гэтэл БНХАУ-ын Засгийн газраас олгож буй зээлүүд нь энэ талаасаа их сул. Хүлээж авч буй орны хэрэгжүүлэх бодлогод найддаг. Төслийн үр ашигтай байдалд нэх ач холбогдол өгдөггүй. Тиймээс хүлээж авч буй орон уг төслөөс үр ашиг хүртэж чадах уу эргэн төлж чадах уу гэдгийг анхаарах ёстой. Аливаа төсөл нийгмийн, эдийн засгийн, байгаль орчны гэсэн дор хаяж гурван талын үр ашгийг тооцоолох ёстой. Бид зээл тусламжийн хуулинд буй шаардлага хангасан ямар нөхцөлд зээл авах вэ гэдгийг эргэн харж сайжруулах ёстой.

Өндөр хөгжилтэй орон болон олон улсаас зээл авч зээл, тусламжийн хувилбарыг төрөлжүүлэх бодлого хэрэгжүүлэх ёстой. Зээл тусламжийн үр ашгийн тооцоог хийх чадварыг сайжруулах ёстой. Энэ гурвыг хийхгүй бол манай улс БНХАУ-ын өрийн хавханд ойртож байна. БНХАУ өрийн хавханд Лаос, Малдив, Конго орж байна хэмээнолон улсын судалгааны хэвлэлүүд бичиж байна. Эдгээр улс БНХАУ-ын Засгийн газраас хамааралтай, “Бүс  ба Зам” санаачилгын хүрээнд өрийн хавханд орсон. Манай улсын хувьд ирэх гурван жилд хүлээгдэж буй өрийн дарамт маш их. Манай бодлого боловсруулагчид маш сайн анхаарах ёстой. 2022, 2023 онд маш их хэмжээний өр төлнө. Тэгэхээр дээр хэлсэн арга хэмжээг даруй авахгүй бол яваандаа Монгол улсын эдийн засагт хүндрэл учирна” гэсэн.

Тэгэхээр бид  даруйхан ухаалаг шийдвэр, бодлого хэрэгжүүлж өрөө дарах, ганц нүүрсний экспорт тойрч ярих бус хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах, зээл авах эх үүсвэрээ олшруулж солонгоруулах зэрэг арга хэмжээ авахгүй бол 2023 он гэхэд бидэнд төсөөлөөгүй хүндрэл тохиолдож мэдэх нь.

-БНХАУ-ААС ХАМГИЙН ИХ ЗЭЭЛ АВЧ  БУЙ 50 УЛСАД
МАНАЙ УЛС БАГТСАН-

БНХАУ-ын  зээл нь голцуу эргээд мөнгө, ашиг өгдөггүй зам, гүүр зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр шингэдэг. Ингэхдээ Засаглалын хувьд тогтворгүй, хөгжиж буй орнуудад олгогддог. Харин зээлийн энэ таатай нөхцөлийг тухайн төслийг зөвхөн Хятадын компаниуд болон ажилчид гүйцэтгэнэ гэх заалт дагалддаг. Өөрөөр хэлбэл, зээлсэн мөнгө эргээд эзэндээ очдог бөгөөд зээлдэгч талд зөвхөн дэд бүтцүүд, зайлшгүй төлөх нөхцөлтэй, эдийн засгийн бодит нөөц бололцооноос нь үлэмж хальсан их хэмжээний өрийн хамт үлддэг.  

Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн судалгааны эх сурвалжуудад Хятадаас хамгийн их зээл авч буй 50 улсын нийт гадаад өрийн 40 хувь нь зөвхөн БНХАУ-ын Засгийн газарт төлөх ёстой өр гэжээ. Уг 50 оронд манай улсыг оруулж байжээ.Мөн уг судалгаанд “Монгол Улсын хувьд ДНБ-ийнхээ талаас илүү хувьтай тэнцэх хэмжээний зээлийг БНХАУ-аас авсан” гэжээ.

Нэгэнтээ өрийн дарамт ирвэл БНХАУ-ын дэлхийн дахинд хэрэгжүүлж буй бодлогын шинж чанартай гол зорилтуудад нэгдэн орох санал, газар нутгийн тодорхой хэсэг эсвэл тухайн улсад цэргийн бааз байгуулах зэргээр төлбөр бодож авдаг болохыг олон улсын судалгааны хэвлэлүүдэд бичдэг байна.