ТОДРУУЛГА: Иргэн Э.Энхтөгсийг “бичсэн постоо устга” гэж Цагдаагийн байгууллагаас дарамталсан уу

ТОДРУУЛГА: Иргэн Э.Энхтөгсийг “бичсэн постоо устга” гэж Цагдаагийн байгууллагаас дарамталсан уу

Сүүлийн үед жирийн иргэдтэй цагдаагийн алба хаагчид ёс бусаар харьцсан гэх асуудал олны шүүмжлэлд өртөх болоод байна. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, тус аймагт явагдаж буй бүтээн байгуулалтуудтай танилцсан билээ. 

Ингээд буцахдаа Дархан-Уул аймгаас өдрийн галт тэргэнд сууж буцсан бөгөөд тэр үеэр явж байсан зорчигчдын явах цагт нь өөрчлөлт орсон, явах гэж өртөөн дээр олон цаг хүлээсэн гэх иргэдийн бухимдал, шүүмжлэл гарч эхлээд байгаа юм. 

Энэ үеэр иргэн Э.Энхтөгс цагдаа нарт торгуулсан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тараад байгаа юм. Учир нь тэрээр өөрийн твиттер хуудастаа “Ерөнхий сайд Хүрэлсүх Дарханы вагоныг 2 цаг саатуулснаас болж гэнэт хөдөлсөн вагон руугаа амжих гэж гүйсэн намайг цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн гэж 250 мянгаар торголоо. Ийм новшийн зүйл ч байх гэж” хэмээн мэдэгдсэн юм.

-СААТУУЛАХ БАЙР РУУ ЯВ ГЭСЭН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ГЭЖ ИРГЭН Э-Г ТОРГОСОН УУ-

Бид энэхүү иргэн Э.Энхтөгсийн ойрын эх сурвалжтай холбогдож юу болсон талаар тодруулахад “Тэр Дарханаас Улаанбаатар явах өдрийн 14:00 цагийн галт тэрэгний билеттэй байсан юм. Тэгээд түүнийг явахаар иртэл Ерөнхий сайд өмнөх галт тэргээр явсан учраас ойрхон явж болохгүй гээд явах гэж байсан бүх хүмүүсийг хоёр цаг хүлээлгэсэн. 

Ингээд галт тэрэг 16:10 цагт хөдөлнө гэсэн байсан ч, 16:00 цагт гэнэт хөдөлчихсөн. Тэгээд тэр сандарсандаа галт тэргэндээ суух гээд араас нь гүйж байтал хоёр цагдаа “чи боль, саатуулан шалгах байр луу яв” гэсэн байгаа юм. Тэгэхээр нь тэр “галт тэрэгнээсээ хоцрох гээд байна. Наадах руу чинь орж яадаг юм” гээд жаахан уцаартай хэлсэн гэсэн. 

Гэтэл цагдаагийн албан хаагч түүний гадуур хувцаснаас чирч, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу цагдаагийн  албан хаагчийн шаардлага биелүүлээгүй гэдэг үндэслэлээр 250 мянган төгрөгөөр торгосон гэсэн. Ингээд галт тэргэндээ ч сууж чадалгүй, дээрээс нь торгуулсан байгаа юм. Харин тэр энэ талаар өөрийн цахим хуудсан дээрээ бичтэл, цагдаагаас “Торгуулийн хуудсыг олон нийтэд тавих нь буруу, үүнийгээ устга” гэж залгаж дарамталж байж болзошгүй байна лээ” гэсэн юм. 

Сонирхуулахад, Төрийн өндөрлөгүүдийн хамгаалалтыг "Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль"-иар зохицуулдаг ба. Тэднийг гадуур яваа тохиолдолд цагдаагийн алба хаагчид нийгмийн хэв журмыг сахиулдаг бөгөөд үндсэн хамгаалалтыг тагнуул, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид гүйцэтгэдэг гэх эх сурвалжийн мэдээлэл бий. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө