Есөн настай охиныг тодорхой гадаргуутай зүйлээр цохиж, амийг нь хөнөөсөн гэж таамаглаж байна гэв

Есөн настай охиныг тодорхой гадаргуутай зүйлээр цохиж, амийг нь хөнөөсөн гэж таамаглаж байна гэв

Өчигдөр /2020.09.20/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт есөн настай охин хойд эцэгтээ зодуулан амиа алдсан хэрэг гарсантай холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг сонсгол хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга, хурандаа Г.Дагиймаа хэргийн талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “2020 оны есдүгээр сарын 20-ны өглөө 05:33 цагт БЗД-т хүн нас барсан байна гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу очиход есөн настай эмэгтэй хүүхэд нас барсан байсан. Хэргийг яг одоо шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралтын улмаас хэрэг гарсан гэж үзэж байгаа. Есөн настай хүүхдийг хүний гарт амь насаа алдсан гэж үзэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.

Түүнчлэн Шүүх шинжилгээний үндэсний төвийн шүүх эмнэлгийн хэлтсийн дарга, хурандаа Г.Дагиймаа “Задлан шинжилгээний дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна. Уг хэрэг дээр бид дуудлагын дагуу есдүгээр сарын 20-ны өглөө яаралтай задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна талд нүүр, дух, зүүн хацарт хуучин, жижиг зулгаралтуудтай байсан. Харин дотор эрхтний хувьд баруун талын 4-5 хавирга нэлэнхийдээ хугарсан, 12 хуруу гэдэс 0.5*06 см хэмжээний няцарсан шархтай, бүдүүн гэдэсний чацархай урагдсан, улмаар чацархай орчимд 1 литр шингэн хуралдсан, нөгөө 12 хуруу гэдсэнд 500 гр шингэн байсан бөгөөд бусад эрхтэн хэвийн. Ингээд урьдчилан байдлаар хордлогоор нас барсан буюу хэвлэлийн гялтангийн үрэвслийн хордлого байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүний шалтгааныг тодорхой гадаргуутай зүйлээр цохисон байх магадлалтай гэж таамаглаж байна. Харин дэвссэн, өшиглөсөн байсан бол элэг, дэлүү гэмтэх ёстой. Гэхдээ тийм гэмтэл байгаагүй” гэлээ.