БАРИМТ: Ц.Мөнхнасан нарын хуурамч тогтоол үйлдсэн, Т.Батсүхэд гэмтэл учруулсан гэх хэргийг тусгаарлажээ

БАРИМТ: Ц.Мөнхнасан нарын хуурамч тогтоол үйлдсэн, Т.Батсүхэд гэмтэл учруулсан гэх хэргийг тусгаарлажээ

Өнгөрсөн онд Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын дарга Б.Өсөхбаяр нар Авилгатай тэмцэх газарт шалгагдаж эхэлсэн байдаг. Тэднийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр анх шалгаж эхэлсэн. Улмаар уг хэргийн шүүх хурал удаа дараа хойшилсоор өнгөрсөн сарын 19-ний өдөр хэргийг дахин прокурорт буцаажээ.

-ТЭД ИТХ ХУРАЛДААГҮЙ БАЙХАД, ХУРАЛДСАН МЭТЭЭР ТОГТООЛ
ҮЙЛДЭЖ БУСДАД АШИГТ МАЛТМАЛ  ОЛБОРЛОХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛСЭН ҮҮ-

Эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын холбогдсон хэргийг сөхвөөс 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр “Шоронгийн ам” гэх газарт 5 га талбайг “Тунгалаг тамир-Ар” ЗГБХН / зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-д бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрлийг эрх бүхий албан тушаалтнууд өгсөн байдаг. Хуульд зааснаар газрын ашиглалтын болон хайгуулын лизензын зөвшөөрлийг тухайн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж, зөвшилцсөний үндсэн дээр олгодог. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр нар 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаагүй байхад “01/369” дугаартай хуурамч тогтоолыг үйлдэж, бусдад буюу “Тунгалаг тамир-Ар” ЗГБХН бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон байж болзошгүй байгаа юм. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхнасан,  Б.Өсөхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

-ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХНАСАН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОВ-

Энэ мэт Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай холбоотой нэг бус эрүүгийн хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж байх хугацаанд тэрээр дахин нэг эрүүгийн хэрэгт нэр холбогдсон байж болзошгүй байгаа юм. Тодруулбал, Ц.Мөнхнасан нь 2019 оны наймдугаар сарын 26-27 нд шилжих шөнө ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Тухайн үед тэрээр  “...Т.Батсүхтэй ХААИС-д нэг ангид сурч байсан. Т.Батсүх над руу утасдаад “хүүгийн асуудлыг сайдад хэлж өгнө үү” гэж ярьсан. Би хариуд нь “сайдад шууд хэлж чадахгүй, харин сайдтай холбож өгч чадна” гэсэн. Гэтэл 2019 оны наймдугаар сарын 26-ны шөнө гэрт нь ороход гадаад хүн байсан. Бид нар хамт сууж байтал Т.Батсүх Ё.Баатарбилэгт хэлсэнгүй гэж над руу дайрч эхэлсэн. Надтай заамдалдаж байхад гэрт байсан гадаад нөхөр намайг араас тэвэрсэн бөгөөд Т.Батсүх миний нүүр, нүд рүү цохисон.  Дараа нь би зодуулж, гэрээс гарч зугтаасан. Би Т.Батсүхийг зодоогүй. Тухайн үед яаж ийж байгаад л мултарсан. Намайг араас тэвэрсэн байсан тул түүнийг болиулахын тулд цохилцсон” гэсэн мэдүүлгийг өгч байсан юм.

Гэтэл шүүхийн дүгнэлтэд “Ц.Мөнхнасан нь 2019 оны наймдугаар сарын 25-аас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороон нутаг дэвсгэрт байрлах “Стадион Оргил” хотхоны 48А байрны 1В тоотод иргэн Т.Батсүхтэй түүний эрхэлж байсан ажилтай холбоотой асуудлаар маргалдан, улмаар түүнийг архины шилээр толгойн тус газарт цохиж, бие болон зүүн талын хөл рүү өшиглөн, зүүн өсгий ясны өмнөд сэртэнгийн хугарал, баруун доод зовхи, хамрын хянганд цус хуралт, баруун тохой, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэжээ.

-ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХНАСАНГИЙН ХОЛБОГДСОН ХЭРГИЙГ
ТУСГААРЛАЖ, ШҮҮХЭЭР БОЛОВ-

2019 онд эхэлсэн шүүх хурал сунжирсаар өнгөрсөн сард шүүхээс “шүүгдэгч, Ц.Мөнхнасан, Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна” гэж үзжээ.

Түүнчлэн засаг дарга Ц.Мөнхнасангийн холбогдсон хоёр хэргийг салган, тус тусад нь шүүх саналыг гаргасан байна. 

Тодруулбал, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан байдаг. Үүний дагуу яллагдагч Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх нарт холбогдох эрүүгийн хэргээс Т.Батсүхэд холбогдох хэргийг тусгаарласан тухай баримт гуравдугаар хавтаст хэргийн “176-177” дугаар талд авагджээ. 

Түүнчлэн дээрх хоёр албан тушаалтны үйлдсэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуурамч тогтоолд зурагдсан гарын үсэг нь Ж.Эрдэнэцогтын гэх гарын үсэг, тамганы дардастай тохирч байв. Иймээс Архангай аймгийн Цэнхэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 37 дугаар тогтоолыг хэн гаргасан болохыг шалгах, улмаар тухайн тогтоолд гарын үсэг зурж, тамга дарж, албажуулсан Ж.Эрдэнэцогт нь улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинж байгааг шалгах, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Мөнхнасан, Б.Өсөхбаяр нарын үйлдэлд дэмжлэг үзүүлж, оролцсон эсэхийг шалгах шаардлагатай гэж шүүх дүгнэж, хэргийг прокурорт буцаажээ.