Гэрээсээ гараад долоо хоног сураггүй болсон хүүхдүүд найзындаа очиж хоносон байжээ

Гэрээсээ гараад долоо хоног сураггүй болсон хүүхдүүд найзындаа очиж хоносон байжээ

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны тусгай дугаарт гэрээсээ гараад 7 хоног алга болсон гэх хоёр хүүхдийн мэдээлэл бүртгэгджээ.

Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, олж тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлын шалтгааныг тодруулахад тухайн хүүхдүүд нь эцэг, эхдээ хэлэлгүй, өөрсдийн дураар найз, нөхдийндөө очиж хоносон байжээ. Энэ байдал хүүхдийг ямар нэгэн эрсдэлт нөхцөл байдалд ороход нөлөөлдөг учраас эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагын талаар хуулинд хэрхэн заасан байдгийг тус албанаас сануулсан юм.

Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31.1.8-д "...үр хүүхэд, өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх" гэж заасан байдаг учраас эцэг, эх, асран хамгаалагчид нь хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь өөрийн биеэр хүргэж өгч, авах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.