Ж.Азжаргал: Талийгаач охин гараа хугалж ГССҮТ-д эмчлүүлж байсан

Ж.Азжаргал: Талийгаач охин гараа хугалж ГССҮТ-д эмчлүүлж байсан

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 9 настай охин гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал "Есөн настай охин золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарлаа. 2018 оны арваннэгдүгээр сард талийгаач охин алга болж байсан тухай дуудлага Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байсан юм билээ. Гэтэл хоёр цагийн дараа эцэг, эхээс нь дахин дуудлага ирж хүүхэд нь орон нутагт байгаа эмээтэйгээ утсаар ярих гэж гараад хажуугийн хүнсний дэлгүүрт орсон байсныг оллоо хэмээн хэлж байжээ. Мөн гараа хугалаад ГССҮТ-өөр эмчлүүлж байсан байна. Тухайн үед ээж нь "Тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтсэн" гэж тайлбарлаж байсан юм байна.

Харин БЗД-ийн ГБХЗХ-ийн хэлтэс дээр талийгаач охин хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд одоо холбогдох бүх байгууллага, мэргэжилтнүүдээс мэдээлэл цуглуулах ажил хийгдэж байна. Хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг олсон, ажигласан, таамагласан тохиолдол бүрт иргэн хүн заавал мэдээлэх чиг үүргийг хүүхэд хамгааллын хуулиар хуульчилсан байдаг. Хэрвээ хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа нь тогтоогдож, хүчирхийлэгч нь нэг гэрт байгаа тохиолдолд 7 хүртэлх насны хүүхдийг шууд гэр бүлээс нь тусгаарладаг бол долоогоос дээш насны хүүхдийн саналыг сонсож тусгаарлах эсэхийг шийдвэрлэдэг. Талийгаач охины хувьд удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдвол нийгмийн ажилтанд хариуцлага тооцох арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай" гэсэн юм.

Мөн ГБХЗХГ-аас “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тарж буй янз бүрийн мэдээлэлд тэр бүр тайлбар өгөх боломжгүй. Одоогоор тодруулж байна” гэлээ.

Х.Үүрийнтуяа