Ботсвана дахь олон зуун зааны үхлийг хортой уснаас болсон гэж таамаглаж байна

Ботсвана дахь олон зуун зааны үхлийг хортой уснаас болсон гэж таамаглаж байна

Ботсвана улсад хор ялгаруулдаг цианобактерийн нөлөөгөөр цөөрөмд 300 гаруй заан амь үрэгдсэн гэж тус улсын засгийн газрын зэрлэг ан амьтдын албаны хүмүүс мэдээлсэн байна. Гэвч үүнтэй нутгийн зарим байгаль хамгаалагчид санал нийлэхгүй байгаа аж.

Анх заан олноор хордож үхэх тохиолдол тавдугаар сард гарсан бол уг явдлыг долдугаар сарын эхээр нийтэд мэдээлсэн байна. Эхэндээ ингэж олон тооны заан үхэх болсон шалтгаан нь тодорхойгүй байсан бол зааны сэг зэмийг лабораторийн тестэд оруулж, шинжлүүлснээр хөрс, уснаас үүдэлтэй гэж тогтоожээ. Цианобактери нь ихэвчлэн усанд агуулагддаг боловч бүгд хорт бодис үүсгэдэггүй байна. Гэсэн ч сүүлийн үед нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт нь усны темпратурыг нэмэгдүүлж, бактери үржих таатай нөхцөлийг бүрдүүлснээр бактерийн хорт чанарыг идэвхжүүлсэн байж болно хэмээн эрдэмтэд санаа зовж байгаа аж.

Тэгвэл байгаль хамгаалагчдын зүгээс олон тооны заан үхсэн асуудалд хулгайн анчдыг сэрдэж байгаа юм байна.

Гэсэн ч тус улсын Зэрлэг ан амьтан, байгалийн цогцолборт газрын дэд захирал Сирил Таоло “Одоо байгаа нотлох баримтууд нь заануудын үхсэн шалтгаан байгалийн гаралтай болохыг баталж байна. Тухайлбал, үхсэн заануудын бүгдийнх нь шүд гэмтсэн байсан нь ямар нэг байгалийн хүчин зүйлтэй холбоотой болохыг улам бататгаж өгсөн” гэжээ. Гэвч үл итгэгч байгаль хамгаалагчид засгийн газрын мөрдөн байцаалтын бүрэн үр дүнг гаргахыг шаарджээ. Тэдний зүгээс “Хэрвээ голын уснаас үүдэлтэй юм бол яагаад  үүнд зөвхөн заанууд өртсөн юм бэ?” хэмээн Засгийн газрын зэрлэг ан амьтдын газрын дүгнэлтийг эсэргүүцэж байгаа аж. Ботсвана улсад Африк тивийн 130 мянган заан амьдардаг нь бусад улсуудаас хамгийн их тоо юм. Харин уг үйл явдал болсон Окаванго бэлчирт тус улсын заануудын 10 хувь нь амьдардаг аж.