Ц.Мөнхцэцэг: “Номын баяр”-тай болсноор өргөн хүрээнд тэмдэглэх боломжтой болно

Ц.Мөнхцэцэг: “Номын баяр”-тай болсноор өргөн хүрээнд тэмдэглэх боломжтой болно

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Тодруулбал, “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд” –ийн баяртай болох хуулийн төслийг өргөн барьсан юм. Хэрвээ уг хууль УИХ-аар батлагдвал тэмдэглэлт баяр нэмэгдэж байна гэсэн үг. Тус баярыг тав болон есдүгээр сарын гуравдахь долоо хоногийн амралтын өдрүүдэд нийтээр тэмдэглэхээр хуульд тусгажээ. Харин энэ өдөр бүх нийтээр амрахгүй гэдгийг хууль санаачлагч Ц.Мөнхцэцэг тайлбарлалаа.

Гэхдээ номын баярыг анх санаачилж, өдийг хүртэл жил бүр зохион байгуулж ирсэн ТББ-иуд болон хувь хүмүүс уг баярыг хуульчлах шаардлагагүй гэх шүүмжлэлийг нөгөө талд өрнүүлж байгаа юм. Тиймээс бид тус хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй холбогдож уг баярыг заавал хуульчлах шаардлагатай байсан эсэхийг тодрууллаа.

- НОМЫН БАЯРЫН ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ -

-Та болон УИХ-ын нэр бүхий гишүүд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-тэй болох хуулийн төслийг санаачилжээ. Энэ өдрүүдэд бүх нийтээр амрах эсэх талаар ойлголтын зөрүү гарсан. Тус баярын өдөр бүх нийтээр амрах уу гэдэг асуултад та тодорхой хариулт өгнө үү?

-Бүх нийтээр амрахгүй. Тав болон есдүгээр сарын гуравдахь долоо хоногийн амралтын өдрүүдэд болно гэж хуульд тусгасан.

-Гэхдээ амралтын өдөр ажилладаг олон байгууллага бий. Уг хууль тэдэнд яаж үйлчлэх юм?

-Тэдэнд хамаарахгүй. Улс тунхагласны өдөр болон Цагаан сар гэх мэт баяраар амарна гэж хуулианд тодорхой тусгасан байгаа шүү дээ. Тэр өдрүүдэд л амарна.

-Уг хуулийн хэрэгцээ, шаардлагын тухай бидэнд мэдээлэл өгөөч?

-Хүн төрөлхтний нийгэм, соёлын салбарт даяарчлал хүчтэй нэвтэрч, улс үндэстнүүдийн соёл иргэншил улам бүр хамааралтай болж, техник технологийн нөлөө өндөрсөж байгаа энэ цаг үед монгол хэл, бичиг, номын үнэ цэнийг олон нийтэд таниулах, тэр дундаа хүүхэд залууст эх хэл, соёлын үнэт өвөө уламжлуулах бодит шаардлага бий болоод байна. Дэлхийн 100 гаруй оронд иргэдээ соён гэгээрүүлэх, оюуны өв уламжлалаа сурталчлан таниулах зорилгоор номын баярыг төрийн дэмжлэгтэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Үндэсний хэмжээний бичиг соёл, номын баяр болсноороо ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, аж, ахуй нэгжүүдийн дунд өргөн хүрээнд тэмдэглэх боломжтой болно.

-Эрт үед “Ном ертөнцийг харах цонх юм” гэж хэлдэг байлаа. Бүхий л мэдлэг, мэдээллийг номоос олж уншдаг байсан. Харин өнөө цагт эсрэгээрээ уншигчид сайн номоо л олж унших хэрэгцээ, шаардлага байна. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь ном бичдэг болжээ. Ном нь интернэт мэдээлэл шиг шүүлтүүргүй болсон гэж ажиглагдаж байгаа. Тэгэхээр шүүлтүүрээр ороогүй номуудыг зохицуулах асуудалтай уг хууль уялдах уу?

-Иргэдийн ном унших тэр дундаа өсвөр үеийнхнийг номонд дуртай болгох үйл явцыг төрөөс дэмжиж байна гэсэн үг. Шинэ технологи, гар утас, компьютерын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүүхэд, өсвөр үеийнхэн ном унших нь багассан. Мөн ном болон номын сангийн соёлыг сурталчлахад ач холбогдолтой. Хуулийн хүрээнд иргэдийн технологийн хэрэглээнд нь түшиглэн номын тодорхой хэсгийг цахимд шилжүүлэх ажлуудыг төрөөс дэмжинэ. Харин номыг сонгох эсэх нь тухайн уран бүтээлч, уншигчийн эрх. Мэдээж номны агуулгад үндэсний соёл уламжлалыг тусгаж хүүхэд, өсвөр үеийнхэнд зөв үлгэр дууриалал үзүүлсэн үү гэдэгт их, дээд сургуулиуд болон Боловсрол шинжлэх ухааны яам, Соёлын яам анхаарч, хамтран ажиллах байх. Түүнээс өнөөгийн нийгэмд номын агуулгад хатуу цензур тавих боломжгүй. Бусдын ном бүтээлийг хуулбарлах, хүчирхийлэл садар самуунд уриалан дуудсан байх агуулгын зохицуулалтыг Зар сурталчилгааны тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулиар зохицуулдаг.  

-ДЭЛХИЙН 100 ГАРУЙ ОРОНД НОМЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭДЭГ-

-“Номын баяр”-ыг санаачилж, өдийг хүртэл зохион байгуулж ирсэн хүмүүс уг хуулийг эсэргүүцэж санал бодлоо илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, ТББ-ын үйл ажиллагааг заавал хуульчлах шаардлагагүй гэж тэд дүгнэж байна. Та үүнд хариулт хэлбэл?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд номын баярыг санаачлан зохион байгуулж ирсэн ТББ-иуд болон соёл гэгээрлийн байгууллагууд өмнөх УИХ-ын үеэс  номын баярын өдөртэй болох шаардлагатай гэдэг хүсэлтээ тавьж ирсэн. Үндэсний номын баяртай болох хэлэлцүүлгүүдийг УИХ-ын гишүүн асан А.Ундраа зохион байгуулж  маш олон ТББ-иуд, худалдаа эрхэлдэг компаниуд, зохиолчидтой хамтарч ажилласан. Тэгэхээр ТББ-ын үйл ажиллагааг төр авна гэсэн утгаар биш эсрэгээрээ санаачилгыг нь дэмжиж Үндэсний баярын хэмжээнд өргөжүүлэн зохион байгуулна. Тухайлбал, сая болж өнгөрсөн номын баярт ганц ОХУ-ын Шинжлэх ухаан соёлын төв буюу РЦНК номуудаа дэлгэсэн. Хэрвээ Үндэсний хэмжээнд тэмдэглэдэг болбол  Монгол дахь олон улсын байгууллагууд болон ЭСЯ-д  бас бүтээлээ тавьдаг, сурталчилдаг эерэг үр дагавар гарна гэж харж байгаа.  

-Төсөв мөнгө шаардлагатай юу?

-Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй.

-Баярлалаа.




Хөдөө аж, ахуйн биржийг ХУВЬЧЛАХ УУ

8 цагийн өмнө

Шуурхай мэдээ