ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол улс 2021 онд төлөх 500 сая ам.долларын өрөө дарахаар дахин БОНД босгоно

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол улс 2021 онд төлөх 500 сая ам.долларын өрөө дарахаар дахин БОНД босгоно

Манай улсын засгийн газар ирэх оны дөрөвдүгээр сард төлөх “Мазаалай” бондын 500 сая ам.долларын өрийг дарахаар дахин өр тавихаар болжээ. Өөрөөр хэлбэл, уг бондын эргэн төлөлтийг хийхийн тулд дахин шинэ бонд босгох болсноо даваа гаригаас /2020.09.21/ олон улсын бондын зах зээлд танилцуулж эхэлсэн байна.

Засгийн газар шинээр гаргахаар төлөвлөсөн бондын танилцуулгаа АНУ, Их Британи, Япон зэрэг олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банкинд хүргүүлсэн аж. Одоогоор шинэ бондын хугацаа болон хүү хэд байх талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байна.

Тэгвэл манай улсын засгийн газраас зарласан шинэ бондод олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд хэдийн зэрэглэл тогтоогоод эхэлжээ. Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Fitch” агентлаг манай улсын зарласан шинэ бондод “B” зэрэглэл тогтоосон байна.

Ингэхдээ манай улсын өнгөрсөн тавдугаар сард танилцуулсан Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтоох үнэлгээний тайланг үндэслэжээ. Мөн үүний үр дүнд Монгол улсын урт хугацааны гадаад валютын ханш зах зээлийн аливаа өөрчлөлтөд мэдрэмтгий гэж дүгнэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: Fitchratings.com

Х.Үүрийнтуяа