Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улс цар тахлыг хохирол багатай даван туулахын тулд бүхий л нөөц бололцоогоо дайчилж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улс цар тахлыг хохирол багатай даван туулахын тулд бүхий л нөөц бололцоогоо дайчилж байна

АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 22-29-нд болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цахимаар оролцож, үг хэллээ.

Тэрээр “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар сонгогдон ажиллаж буй Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Манай төлөөлөгчид Таныг энэхүү хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэхэд бүрэн дэмжиж ажиллах болно. НҮБ-ын 75 жилийн ойг гишүүн орнууд бахархалтайгаар тэмдэглэж байна. НҮБ бол олон талт хамтын ажиллагааны хамгийн оновчтой бүтэц юм. НҮБ-ын Дүрмийн үзэл санаан дор дэлхийн улс үндэстнүүд нэгдэж, асуудал, бэрхшээлийг яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны замаар шийдвэрлэх болсон нь аугаа дэвшил билээ. Хөгжил дэвшилтэй зэрэгцээд сорилт бэрхшээл нарийн төвөгтэй болж, түүнийг шийдвэрлэх, даван туулах үүрэг хариуцлага тэр хэрээр нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган дэлхий нийтээрээ КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед болж байна. Бүх зүйл харилцан хамааралтай болсон өнөөгийн ертөнцөд халдварт өвчин хүртэл асар хурдтайгаар тархаж, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг, аюулгүй байдал, хүний эрх зэрэг олон талбарт сөргөөр нөлөөлж байна. Анагаах ухаан маш өндөр түвшинд хөгжсөн XXI зуунд хүн төрөлхтөн цар тахлын аюулд гэнэдэж, гамшгийн түвшинд өртөж байгаа нь асар том сургамж, сануулга болж байна. Хүнд хэцүү үед олон талт хамтын ажиллагааны үүрэг улам өсөж, эв нэгдэл, хамтын ажиллагаанд суурилсан, илүү уялдаатай, үр дүнтэй хариу арга хэмжээг цаг алдалгүй авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилт тулгарч байна. Ковид-19-ийн эсрэг баталгаатай вакцин гарах үед хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнууд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд, уугуул иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгүүдэд тэгш, хүртээмжтэй түгээхэд НҮБ, түүний системийн байгууллагууд асар их үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Хөрөнгө нөөц багатай, нийгмийн хамгааллын тогтолцоо султай хөгжиж буй орнуудад аюулт цар тахалтай тэмцэх, сэргээн босгоход зориулж буй тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд, өндөр хөгжилтэй орнуудад уриалж байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааны арван жил эхэлж буй энэ жил дэлхий даяар КОВИД-19 цар тахлын хязгаарлалт, хорио үйлчилж, учирч байгаа саад бэрхшээлийг ужигруулан, 2015 оноос хойших ахиц, дэвшлийг зарим талаар ухраах эрсдэл үүслээ. Тиймээс  төр, засгийн газрууд цар тахлын аюулыг гэтлэх тухайд зоримог алхам хийж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн зорилтуудад хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, үүрэг, үйл ажиллагаагаа шинэлэг, уян хатан байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын хувьд цар тахлын аюул, хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд өөрийн хүчин чадал, нөөц бололцоог дайчилж, бусад улсын туршлага, сургамжийг анхаарч ажилласны дүнд Ковид-19-ийн халдварыг дотооддоо алдалгүй барьж, хүний амь эрсдээгүй байна..."гэлээ. 

Доорх бичлэгээс бүрэн эхээр нь үзнэ үү.