А.Амгалан: Энэ жил хурдан морийг албаны НАЙМАН МАШИН л дагана

А.Амгалан: Энэ жил хурдан морийг албаны НАЙМАН МАШИН л дагана

Өнөөдөр /2019.08.07/ Нийслэлийн цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалт, Торгоны зам авто раллитай холбоотой хаагдах замуудын талаар мэдээлэл хийж байна.

Цагдаагийн хурандаа А.Амгалан:

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ГУРАВ, АЛБАНЫ ТАВАН МАШИН ДАГАНА

Энэ жил баяр наадмын үеэр Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан Авто ралли болж буйтай холбогдуулан Монгол улсын нутаг дэвсгээр дайрах учир нэлээд ачаалалтай болох шинжтэй байна. Одоогоор  11 аймаг баяр наадмаа хийсэн байна.

Улсын баяр наадмын хамгаалалтын аюулгүй байдал хангах ажлын бэлтгэл ажил 86 хувьтай явж байгаа. Өдөр, цаг, минутаар нь тооцож хийнэ.

Хурдан морины хамгаалалтад Хүй долоон худагт баяр наадмын зохион байгуулах хороо албан байгууллагуудтай хамтран хэд хэдэн шийдвэр гаргасан.

Тухайлбал, энэ жил улсын баяр наадмын хурдан морины уралдаан дээр морь дагаж тоос босгодог асуудлыг багасгана. Морь дагах машины тоо найм байна, хэвлэл мэдээллийн гурав, албаны таван машин явна.

Энэ жил хурдан морь дагасан энэ машинуудыг Цагаан хөтөл дээр ихэнх машинуудыг хойш буцаана.  Хэвлэл мэдээллийнхэн цагдаагийн хүрээ, Ерөнхийлөгчийн асар майхнаас хойш эргэж, түрүү морины хашаан дээр очино.

Цагдаагийн байгууллага хурдан морины шүдэлгээний зурвасаас гараа, гараанаас бариа хүртэл хурдан буянгууд, түүнийг унаж буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байна.

Олон улсын авто ралли болж буйтай холбогдуулан Улаанбаатарт нэлээд ачаалалтай замын хөдөлгөөнтэй байна. Ялангуяа Хүй долоон худаг чиглэлд их ачаалалтай байна гэдгийг иргэдэд анхааруулъя.