Трампын захиргаа Монгол оюутнуудын визийг 2 жилийн хязгаартай болгох санал боловсруулжээ

Трампын захиргаа Монгол оюутнуудын визийг 2 жилийн хязгаартай болгох санал боловсруулжээ

АНУ-д суралцах гадаад оюутнуудын виз нь сургуулиа төгсөх хүртэл хүчинтэй үйлчлэх журамтай байдаг билээ. Тэгвэл  энэ байдлыг зогсоож, зарим орны оюутнууды визийг хугацааны хязгаартай болгох саналыг АНУ-ын дотоод хэргийн яам боловсруулаад байгаа тухай The Wall Street Journal өчигдөр мэдээлжээ.

Үүний хүрээнд Ойрх Дорнод, Ази, Африкийн 60 гаруй орны иргэдэд олгох оюутны визийн хугацааг хоёр жил болгохоор саналд тусгажээ. Эдгээр орнуудын дотор Монгол улс багтсан байна.

Мөн дэлхийн ихэнх улс орнуудын иргэдийн оюутны визийг дөрвөн жилийн хугацаатай болгож хязгаарласан байна. Үүний улмаас төгсөх болоогүй байсан ч визний хугацаа нь дуусч, дахин сунгах шаардлагатай болох аж. Ингэж оюутны визэнд хугацааны хязгаар тогтоох болсон шалтгааныг үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж АНУ-ын дотоод хэргийн яам тайлбарласан байна. Боловсруулсан төслийг нийтэд танилцуулж, санал авах 30 хоногийн хугацаа өчигдөр эхэлжээ. Гэхдээ арваннэгдүгээр сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден ялбал энэ шинэ журмыг хэрэгжүүлэх ажилд саад учирна гэж ажиглагчид дүгнэж байна.