Хойд эцгийнхээ гарт амиа алдсан охины 12 настай эгчийг шүүх шинжилгээнд хамруулжээ

Хойд эцгийнхээ гарт амиа алдсан охины 12 настай эгчийг шүүх шинжилгээнд хамруулжээ

Энэ сарын 20-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Улмаар охины хойд эцэг болох 36 настай Б-г сэжигтнээр татан, цагдан хорьж, хэргийг шалгаж байгаа юм. Тэгвэл талийгаач охины 12 настай эгчийг шүүх эмнэлгийн шинжилгээнд хамруулж, биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл байгаа эсэхийг тодруулахаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс ГССҮТ-д хандсан байна. Мөн өмнө нь болсон гэр бүлийн хүчирхийллийн процессуудыг нэг бүрчлэн шүүж, шалгаж байгаа аж.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа есдүгээр сарын 22-нд талийгаач охинд хийсэн шинжилгээгээр “гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай, хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй, 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ. Гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон гэж урьдчилсан байдлаар үзэж байна” гэж мэдээлсэн билээ. Мөн өмнө нь олон удаа хүчирхийлэлд өртөж байсан гэдгийг шүүх, цагдаагийн байгууллагаас тогтоогоод байгаа юм.