Магава харх 30 гаруй тэсрэх бөмбөг илрүүлж "Эр зоригийн одон" хүртжээ

Магава харх 30 гаруй тэсрэх бөмбөг илрүүлж "Эр зоригийн одон" хүртжээ

Африкийн аварга харх Магава нь Апопо санд тэсрэх бөмбөг илрүүлэгчээр бэлтгэгдсэнээсээ хойш 39 мина, 28 зүйлийн тэслэгээгүй сум олж илрүүлсэн тул амьтдын эр зоригийн PDSA одон медаль хүртжээ. Магава харх үүргээ Камбож улсад гүйцэтгэсэн бөгөөд тус улсад өдгөө зургаан сая орчим дэлбэрээгүй газрын мина үлдсэн хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

PDSA медалийг 30 амьтан хүртэж байсан ба Магава тус медалийг хүртсэн анхны харх юм байна.

Түүний бэлтгэгдсэн Бельгид төвтэй, Танзани дахь Апопо сан нь 1990-ээд оноос хойш дээрх сургалтыг зохион байгуулж байгаа аж. Мина илрүүлэхийн тулд хархнуудыг нэг жил сургадаг байна. Апопо сангийн мэдээлснээр Магава харх Танзанид төрсөн, 1.2 кг жинтэй, 70 см өндөртэй. Энэ нь бусад төрлийн хархнаас харьцангуй том ч, түүний жин мина идэвхжүүлэхгүй байхад хангалттай хөнгөн аж. Хархнууд тусгай сургуулийн үр дүнд хаягдал төмрийн үнэрийг тэсрэх бодисны үнэрээс ялгаж сурахаас гадна тэсрэх бөмбөг олсон үедээ хамтрагчаа дуудан дуугарч сурдаг байна.