Хар тамхины хэрэгт холбогдсон Монгол болон Нигерийн иргэнд цагдан хорих арга хэмжээ авсан хэвээр байгаа гэв

Хар тамхины хэрэгт холбогдсон Монгол болон Нигерийн иргэнд цагдан хорих арга хэмжээ авсан хэвээр байгаа гэв

Энэ сарын 25-ны өдөр олон нийтийн сүлжээгээр “Нийслэлийн шүүхээс сулласан Нигерийн иргэд их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад дахин баригджээ" гэсэн гарчигтай мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой хариу мэдэгдлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас гаргажээ.

Тус мэдэгдэлд:

"Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс У.Ариунзул, Адекола Олавасен, Азеез, Анози Дарллингтон Дон нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 955 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тухайн шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үнэн, бодитой мэдээллийг олон нийтэд түгээж, тус давж заалдах шатны шүүхийн нэр хүндэд илт үндэслэлгүйгээр халдахгүй байхыг анхаарна уу" гэжээ.