СУРВАЛЖИЛГА: Монгол соёл, хэл бичгийг танин мэдүүлэх "Ёс заншлын өргөө"-өөр зочиллоо

СУРВАЛЖИЛГА: Монгол соёл, хэл бичгийг танин мэдүүлэх "Ёс заншлын өргөө"-өөр зочиллоо

Цонхны хөшгөн дээрээ монгол бичгээр Бямбын Ренчингийн “Монгол хэл”, Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уран зурагтай хослуулан тэрлэж, таазан дээрээ монгол гэрийн унь, тооныг урласан өргөө гэртэй андуурагдам энэхүү хичээлийн кабинет Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дөрөвдүгээр сургуульд байдаг. Монгол хэл, монгол бичгийн үнэ цэнэ хүчтэй яригдаж буй энэ цаг үед үр хойч болсон шавь нартаа үндэснийхээ бичиг, соёлоо өвлүүлж үлдээх зорилго өвөртөлсөн тус сургуулийн дөрвөн багш уг кабинетыг санаа нэгдэн “урлажээ”. Бид энэ удаад үүд хаалгаар нь оруут л Монгол соёл, ёс заншил “үнэртэх” тус кабенитийг сурвалжиллаа.

Биднийг очиход тус кабенитийн багш Янжмаа угтан авч, ангиа танилцуулсан юм. Тэрээр монгол хэл, уран зохиолын багш төдийгүй 13 дахь жилдээ боловсролын байгууллагад ажиллаж байгаа аж.

-Танай анги монгол соёл, уламжлалыг илтгэсэн үнэхээр өвөрмөц, гоё тохижилттой болжээ. Анх ингэж тохижуулах санаа хэрхэн төрсөн бэ?

-Өнгөрсөн хавар боловсролыг дэмжих жилийн хүрээнд монгол ёс заншлаа дээдэлсэн сургууль, цэцэрлэг төслийн уралдаан зарласан юм. Энэ төслийн уралдаанд аймгийн сургууль, цэцэрлэгийн олон багш нар оролцсон. Харин манай баг “Ёс заншлын өргөө” гэсэн нэртэй төсөл бичин, шалгарч 3 сая 400 мянган төгрөгийн санхүүжилт авсан юм. Ингээд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн бичсэн төслийнхөө дагуу ангиа тохижуулж, есдүгээр сарын 1-ээс өмнө дуусгасан.

-Манай баг гэхээр дан багш нар хамтарч төсөл бичсэн гэсэн үг үү.

-Тийм. Манай сургуулийн Ө.Сугир, Б.Алтансарнай, Б.Уранчимэг багш болон миний бие хамтран төслөө бичсэн. Орчин үеийн хүүхдүүд монгол ахуйгаасаа холдож, ёс заншлынхаа зарим хэсгийг мэдэхгүй болсон шүү дээ. Тиймээс хүүхдүүдэд монгол соёл, монгол уламжлал, монгол тоглоом наадгайн ач холбогдлыг нь танин мэдүүлэх зорилгоор бид энэхүү уралдаанд оролцсон юм. Нөгөө талаар хүүхдүүд ямар анги, танхимд хичээллэвэл урам зоригтой сурах бол гэж бодож төлөвлөгөөгөө гаргасан.

-Цонхны хөшиг их сонирхол татаж байна. Цонхны хөшгөн дээр ямар, ямар шүлэг байна вэ?

-Хөшгөн дээр Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг”, Бямбын Ренчингийн “Монгол хэл”, болон Өмнөговийн сүлд дуу болох “Тэмээн сүргийн говь” дууны шүлгүүдийг монгол бичгээр бичсэн байгаа. Эдгээр нь их утга, агуулгатай. Нэгдүгээрт хүүхдүүд монгол бичгээр уншиж сурна. Хоёрдугаарт гурван өөр шүлгийг танин мэдүүлэх, гуравдугаарт монгол ахуй, амьдралыг уран зургаар харуулж байгаа юм. Уран зургаар дамжуулж хүүхэд гоо сайхны мэдлэгийг олж авдаг. Тэр утгаараа шүлгүүдийг уран зурагтай хослуулсан. Шүлэг тус бүр өөр өөр утга санааг мөн илтгэж байгаа. Эх орон, эх хэлээ хайрлах. Төрсөн нутаг, түүх соёлоороо бахархах гэх мэт гурван өөр шүлгээс хүүхэд гурван өөр зүйлийг ойлгож мэднэ шүү дээ.

-Тааз, ханыг хэрхэн хийсэн бэ?

-Тааз, хана мөн л нь монгол ёс заншлыг илэрхийлэх зорилготойгоор хийгдсэн. Бид н.Өсөхбаяр гэдэг хүнтэй хамтарч тааз, ханаа хийсэн. Харин сурагчийн маань эцэг эх хээлж өгсөн.

-Хэдий хугацаанд хийж дуусгасан бэ. Төслийн санхүүжилтийн мөнгөөрөө л энэ бүгдийг хийж дуусгасан гэхээр итгэмээргүй сонсогдож байна?

-Найман сард эхэлж, сая хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө амжиж дуусгаж чадсан. Төслөөс 3 сая 400 мянган төгрөгийн санхүүжилт авсан. Дахин нэг сая төгрөгийн санхүүжилтийн бидэнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугар өгсөн юм. Эдгээрээс гадна монгол тоглоом наадгай тоглох хэсэг ч байгаа.

-Хүүхдүүд ангидаа ирээд яаж хүлээн авсан бэ. Их баярласан байх.

-Хүүхдүүд цар тахлын улмаас хичээлдээ явалгүй олон сар болсон. Ангидаа ирээд маш их баярласан. Багш нарт ч хичээл ороход үнэхээр урамтай байгаа. Түүнчлэн бид кабениттэйгээ уялдуулж хичээлээ орохоор төлөвлөж байгаа. Тухайлбал, малын ашиг шим, монгол тоглоом наадгай гэх мэтээр цуврал хичээл орохоор төлөвлөж байгаа. Цаашид ч хүүхдүүддээ монгол соёл, хэл бичиг, уламжлалыг танин мэдүүлэхийн тулд кабенитээ илүү тохижуулахыг зорьж байгаа.