Д.Сарангэрэл: Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар авсан

2019-05-14 07:15

ФОТО: 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь батлагдав

Нийслэлийн 15 дугаар сургуульд олон тооны сурагч сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээлэл манайд ирсэн юм. Энэ талаар эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сургууль 1710 сурагчтай аж. Тэднээс 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор батлагджээ. Тэднээс 38 нь эмчилгээний эм уугаад эхэлсэн байна.

Нийслэлийн 15 дугаар сургууль нь 1974 онд баригдсан бөгөөд барилга нь агаарын солилцоо сул явагддаг зэрэг олон асуудал байдаг юм байна.

Халдвар 2017 онд нэгэн багшаас дамжин халдварласан гэж үзэж байгаа юм байна. Үүнээс үүдэн олон тооны сурагч сүрьеэгийн халдвар авчихаад байгаа ч одоог болтол хичээллэсээр байгаа юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ

2019-05-14 06:14

Д.Сарангэрэл: Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар авсан

ХУД-ийн 15-р сургуулийн сурагчид олноороо сүрьеэгийн халдвар авсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тайлбар хийлээ.

Тэрбээр: "Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай. Ялангуяа эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдгийг ХӨСҮТ-д тавиад байгаа юм байна лээ. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар байна гэдэг оношийг ХӨСҮТ-ийнхэн тавьсан. Одоо эмчилгээний асуудал яригдаж байгаа. Эмчилгээний тухай эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж байна" гэсэн мэдээллийг өглөө.

2019-05-14 02:56

XV сургуулийн нэг ангийн 21 сурагч сүрьеэгийн халдвар авчээ

Хан-Уул дүүргийн Гуравдугаар хорооны 15-р сургуулийн 1000 гаруй сурагчаас сүрьеэгийн шинжилгээ авахад 500 гаруй хүүхэд халдвар авсан гэсэн албан бус мэдээ өчигдөр цацагдсан. Уг мэдээллийн үнэн бодит байдлыг Халварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны газраас тодруулахад, тайлбар өгсөнгүй, харин тус сургуулиас нэг ч хүүхэд ирж эмчлүүлээгүй байна гэх мэдээллийг өгч буй.

Харин 15-р сургуулийн сурагчдын эцэг эхээс энэ асуудлыг тодруулахад “Өчигдөр /2019.05.14/ Халдварт өвчин судлалын эмч нар ирж ажилласан. Хүүхдүүдэд шинжилгээ сорил тавихад нэг ангийн 21 хүүхэд сүрьеэ өвчний халдвартай болох нь тогтоогдсон. Халдвар болон өвчлөх гэдэг хоёр өөр ойлголт. Халдвар бол нян нь идэвхижээгүй гэсэн үг. Иймээс өвчлөхөөс нь сэргийлж эмч нар зөвлөгөө өгч байна” гэлээ.

Нэг сургуулийн олон хүүхдэд юунаас болж ийн сүрьеэ өвчний халдвар авсан болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар багшаас халдсан байж болох, харин сургууль дээр ажиллаж буй эмч нар хэлэхдээ “Ер нь сургуулиудад халдвар авах нь байдаг үзэгдэл. Энэ сургуулийн хувьд харин арай илүү үзэгддэг“ гэж байна.