Хамарын хийд орчимд олборлолт явуулах нөхцөл бүрдүүлсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

Хамарын хийд орчимд олборлолт явуулах нөхцөл бүрдүүлсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

Хамарын хийд орчимд уул уурхайн олборлолт явуулах ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, авсан компани нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийг 2009 онд цуцалсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан хойно буюу 2017 онд уг тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байдаг. 

Тэгвэл Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт уул уурхайн олборлолт явуулах нөхцөл бүрдүүлсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өчигдөр гаргасан байна. 

“Хамарын хийд” шашны байгууллагын өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, Б.Анхбаяр нар “Тусгай зөвшөөрлийг сэргээсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шийдвэрийг хүчингүй болгосноор асуудал дуусахгүй. Одоо “Хамарын хийд” шашны байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулан, асуудлыг эхнээс нь дахин хянан хэлэлцэнэ. 2017 онд “Хамарын хийд”-ийн төлөөллийг шүүх хуралд оролцуулаагүй учраас нотлох баримтуудаа гаргаж өгч, шүүхээр үнэлүүлэх боломж олдоогүй. Энэ удаа гуравдагч этгээдээр оролцож, баримтуудаа гарган, шүүхээр үнэлүүлнэ. Тэгэхээр үр дүн ч өөр байна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.