Шүүгч Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарыг суллаж, хилийн хорио тогтоов

Шүүгч Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарыг суллаж, хилийн хорио тогтоов

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид яллагдагч Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулахаар тэдний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг 2019 оны долоодугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Тус шүүхийн 2019 оны долоодугаар сарын 4-ний өдрийн №239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжаар “яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1-д заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” гэсэн үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл яллагдагч нар өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, оргон зайлахаар хийсэн үйлдэл байгааг нотолсон баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй буюу дээрхи хуулийн зүйл заалтыг нотолсон үндэслэл бүхий баримт мэдээлэл, нотлох баримт зэргийн мөрдөгч болон прокуророос шүүхэд гаргаж өгсөнгүй.

Иймд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авч тус шүүхийн 2019 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Прокуророос яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хүлээн авч яллагдагч нарыг 2019 оны долоодугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.