ХЭРГИЙН ГАЗАР: Гурван жил талийгаачийн цогцос байсан аймшигт нүхийг одоог хүртэл булаагүй байна

ХЭРГИЙН ГАЗАР: Гурван жил талийгаачийн цогцос байсан аймшигт нүхийг одоог хүртэл булаагүй байна

Одоогоос гурван жилийн өмнө Налайх дүүргийн 3-р хороонд байрлах орхигдсон уурхайд нэгэн аймшигт хэрэг гарсан юм. Тодруулбал, тус хорооны иргэн 19 настай Э.Сэргэлэнбаатар гэх залууг хөнөөж, тус уурхайн нүхэнд булсан байсныг өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн билээ. Хэрэг гарсан өдөр 2017 оны тавдугаар сарын 2-ны өдөр байсан бөгөөд талийгаачийн дотны найз болох хоёр этгээд гэрээс нь дуудан авч гарчээ. Уг өдрөөс хойш тэрээр гэртээ эргэж ирээгүй бөгөөд эцэг, эх хоёр нь өдөр бүр хүүгээ ирэхийг харуулдаж, хүлээдэг байснаа хэвлэлд ярьсан юм.

-БАГЫН НАЙЗАА ХӨНӨӨЖ, УУРХАЙН НҮХЭНД БУЛСАН ЭТГЭЭДҮҮД ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ТАЛИЙГААЧИЙН ААВТАЙ ХЭД ХЭДЭН УДАА УУЛЗАЖ, ГЭРЭЭР НЬ ОРЖ, ГАРЧ БАЙСАН ГЭВ-

Амь хохирогч Э.Сэргэлэнбаатарыг хөнөөсөн хэрэгт түүний дотны найзууд болох Ц.Пүрэвдорж, Б.Батдорж нарыг саатуулан шалгаж эхэлсэн ч удалгүй хэргээ хүлээсэн байдаг.

Эх сурвалжын мэдээлж буйгаар сэжигтнүүд талийгаачтай багын найзууд байжээ. Хэрэг гарсан өдөр тэд уулзалдсан ч тодорхойгүй шалтгааны улмаас талийгаачийг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд тус уурхайн нүхэнд аваачиж хаяснаа шалгалтын явцад мэдүүлсэн юм.

Хамгийн аймшигтай нь тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд талийгаачийн аавтай хэд хэдэн удаа уулзаж, гэрээр нь орж гарч байсан ч шарилыг олох хүртэл ийм хэрэг хийснээ хэлээгүй аж.

-ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦОС БАЙГАА ГЭХ ГАЗРЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ӨНГӨРСӨН ЗУРГААДУГААР САРД ИЛРҮҮЛСЭН Ч ХЭТЭРХИЙ ГҮН, АМЬСГАЛАХ АГААР БАЙХГҮЙ ЗЭРЭГ ШАЛТГААНЫ УЛМААС ГАРГАХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН ХАРИУГ ӨГЧЭЭ-

Өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс Уул уурхайн аврах ангид талийгаачийн цогцсыг уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлт тавьсан ч ажиллагаа явуулахад өндөр эрсдэлтэй, малталтын налуу хэтэрхий өндөр, амьсгалах агаар байхгүй зэрэг шалтгаанаас болж дахин ажиллагаа явуулах боломжгүй болохыг талийгаачийн гэр бүлийнхэнд мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч хүүгээ амьд, сэрүүн яваа, нэг л өдөр ороод ирнэ гэж гурван жил итгэж, хүлээсэн хоёр эцэг, эхийг нь бодоод Налайх дүүргийн найман уурхайчин Онцгой байдлын газартай хамтран талийгаачийн цогцсыг гаргаж өгснөөр хүүгээ хүн ёсоор нь оршуулах боломжтой болжээ.

Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 24-ны өдөр цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт тухайн иргэний цогцсыг уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлт тавьсны дагуу Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулан, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас талийгаачийн цогцсыг тус өдрийн 19:06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

-ЦОГЦСЫГ ГАРГАХАД ТАНИГДАХЫН АРГАГҮЙ БОЛЧИХСОН
БАЙСАН БӨГӨӨД ТОЛГОЙ НЬ ЦУУРЧ, НЭГ
ХӨЛ НЬ ТАСАРЧИХСАН БАЙЖЭЭ-

Талийгаачийн цогцсыг гаргахад гар бие оролцсон Налайх дүүргийн уурхайчин  Ч.Энхбаатар, Д.Энхтүвшин нар хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Бид нийтдээ 13 хоног ажиллаж байж, цогцсыг гаргасан. Цогцсыг гаргаж ирэхэд царай нь танигдахын аргагүй болчихсон, толгой нь цууралттай, их бие нь бүтэн ч нэг хөл нь тасарчихсан байсан. Маш хэцүү, эрсдэлтэй нөхцөлд ажилласан. Энэ нүхийг одоо яаралтай булахгүй бол маш аюултай. Цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд яаралтай техник аваачиж булуулна гэж байсан” хэмээн ярьсан юм.

Харин бид хэргийн газар очиж нөхцөл байдлыг харахад тухайн 71 метр гүн нүхийг булаагүй хэвээр байлаа. Талийгаачийн цогцсыг гаргаад арав гаруй хоног болж байна. Гэсэн хэдий ч талийгаачийн цогцос гурван жил хадгалагдсан тэрхүү аймшигт нүхийг одоог хүртэл булалгүй, хэвээр үлдээжээ. Тус орхигдсон уурхайн ойр хавьд иймэрхүү гүн ухсан нүх олон тааралдах бөгөөд тэдгээр нүхийг яаралтай булж, битүүлэхгүй бол хэн нэгний гэмт хэргээ нуун далдлах, эсвэл хөл алдаж унах аюул байсаар байгаа юм.