1.2 тэрбумын үнэтэй ТАВАН машин хотын агаарыг ЧИЙГШҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

1.2 тэрбумын үнэтэй ТАВАН машин хотын агаарыг ЧИЙГШҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

Сүүлийн үед гар хөдөлмөрөөр ажилладаг хот үйлчилгээний ажилчдын ачааллыг хөнгөлж автомашин ашиглан хотын хогоо цэвэрлэдэг болоод буй. Түүнчлэн хотын тоосжилтыг дарах зориулалт бүхий машиныг нэвтрүүлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.

Хотын дарга С.Амарсайхан цэвэрлэгээ, угаалгын зориулалт бүхий тоног төхөөрөмжийг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан билээ. Улмаар тэрээр, 2019 дөрөвдүгээр сарын 12-ны өдөр захирамж гаргаж, цэвэрлэгээ үйлчилгээний зардалд шаардагдах 4.2 тэрбум төгрөгийг 2019 оны Нийслэлийн төсөв дэх Дүүргүүдийн тохижилт, сэргээн босголтын шуурхай албаны машин механизмын хөрөнгөөс санхүүжүүлэх хэсгээс гаргахыг холбогдох албаныханд даалгажээ.

Энэ хүрээнд Хот тохижилтын газраас ЗАМ УГААХ ЧИЙГШҮҮЛЭХ МАШИН, ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БИЧИЛ МАШИН гэсэн хоёр төрлийн төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлагдсан байна. Тодруулбал, Нийслэлийн хот тохижилтын газраас түргэвчилсэн журмаар тендер зарлажээ. Ингээд дөрөвдүгээр сарын 26-нд зарлагдсан тендерт “Голдендрийм”, “Чойсамбуу”, “Далу”, “Эврест Ланд групп”, Рейнж-Интерншл” тэргүүтэй компаниуд өрсөлджээ. Дээрх хоёр төрлийн тендерт  хамгийн өндөр үнэ өгсөн “Далу” компани ганцаараа шалгарсан байна. Улмаар тус компани

-Зам угаах чигшүүлэх 5 ширхэг машиныг 1 тэрбум 250 сая төгрөгөөр

-Зам талбайн цэвэрлэгээний бичил 20 ширхэг машиныг 2 тэрбум 850 сая төгрөгөөр нийлүүлэх эрхийг авчээ.

Ийнхүү “Далу” компани 4.1 тэрбум төгрөгөөр ХОЁР ТӨРЛИЙН 25 ширхэг цэвэрлэгээний төхөөрөмж нийлүүлэх гэрээний үүрэг хүлээсний дагуу машинуудаа нэврүүлээд байгаа нь энэ аж. Тус компани урд хөршийн Хайдө мэргэжлийн машин үйлдвэрлэлийн хязгаарлагдмал компаниас эдгээр машинуудыг нийлүүлжээ.

Эдгээр төхөөрөмжүүдийн нэг бүрийн үнэ нь том оврын жийпний үнээс давж буй нь анхаарал татаж, шүүмжлэл маргааныг дагуулаад байгаа ч гар хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа гэдэг утгаараа энэ ажил олон нийтийн талархлыг хүлээгээд байгаа юм.