УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа Эрдэнэс Монгол ХХК-ийг удирдана

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа Эрдэнэс Монгол ХХК-ийг удирдана

“Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан компани юм.

Иймд тус компанийн удирдлагуудыг Засгийн газар, цаашлаад эрх барьж буй улс төрийн намаас санал болгож компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс томилдог. 

Иймд сүүлийн жилүүдэд тус компанийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүү томилогдон ажиллаж буй. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилохоор болж, холбогдох хуулинд нийцэж байгаа эсэхийг АТГ-аас тодруулахаар хандаад байгаа ажээ. 

Д.Хаянхярваагийн хувьд Дархан-Уул аймгаас УИХ-д хэдэнтээ сонгогдсон ч энэ удаа /2020 оны/-гийн сонгуульд ялагдал хүлээсэн нэгэн юм. Түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын фракцын хүн гэдэг. Мөн сүүлийн жилүүдэд МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнд тийм ч таатай ханддаггүй байсан гэхэд болно. Учир нь түүнийг МАН-ын бүлгийн даргын албан тушаалаас нь огцруулах саналыг У.Хүрэлсүх гаргаж, “МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй” гэж мэдэгдэж байв. Хариуд нь Д.Хаянхярваа “Намын даргын болохгүй үйлдлийг би шүүмжилнэ. Нэг хүний дарангуйлал дотор энэ нам ормооргүй байна” хэмээн мэдэгдэж байв. 

Тэгвэл сонгуулийн дараа намын даргынхаа нүдэнд нь торж, гудамжинд лааз өшиглөх нь гэж байсан Д.Хаянхярваа Эрдэнэс Монгол ХХК-ийг удирдах нь ээ. Харин одоо АТГ-аас Д.Хаянхярваа нь тус албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг тодорхойлох нь үлдээд байгаа ажээ. 

Сонирхуулахад, Эрдэнэ монгол ХХК нь “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг өнөөдөр эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байгаа юм.