Ипотекийн 6 хувийн зээлд хамтран зээлдэгч шаардлагагүй гэдэг нь ташаа мэдээлэл

Ипотекийн 6 хувийн зээлд хамтран зээлдэгч шаардлагагүй гэдэг нь ташаа мэдээлэл

Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон өөрчилж, аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тушаал бүхий журмаар дараах өөрчлөлтүүд оржээ. Үүнд:

-Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх,

-Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан,

-Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох,

-Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг Төрийн албан хаагчид олгох,

-Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх,

Ийнхүү зээлийн хүүг бууруулснаар зээлдэгчийн орлогын доод хэмжээ 1,100,000 төгрөгөөс 900 мянган төгрөг болж буурч байгаа нь орон сууцны ипотекийн зээлд орлогын хэмжээ нь хүрдэггүй байсан иргэд зээл авахад дөхөм болж байна гэдгийг онцолжээ. Харин 6 хувийн зээлд хамрагдахад хамтран зээлдэгчийн тухайд тавигдах шаардлагад өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл, хамтран зээлдэгчгүйгээр зээл авна гэдэг нь ташаа мэдээлэл аж.  

Өөрчлөгдсөн журмын дагуу 2020 оны аравдугаар сараас өмнө 8 хувийн зээл авсан иргэд 6 хувийн зээлд хамрагдах боломжгүй ч 8 хувийн зээлээ төлсөн иргэд энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах эрхтэй юм.