Б.Гантөмөр: Санамсаргүй хийсэн эко түлш маань хүмүүст таалагдаж гурав хоногийн дотор л зарагдаж дууссан

Б.Гантөмөр: Санамсаргүй хийсэн эко түлш маань хүмүүст таалагдаж гурав хоногийн дотор л зарагдаж дууссан

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй намрын сэрүүн өдрүүдэд гэр хорооллын айл өрхүүд өдөр бүр гэртээ галлагаа хийж буй. Улаанбаатар хотын 60 хувийг гэр хорооллын айл өрх эзэлдэг бөгөөд хүйтний улиралд агаарын бохирдол огцом нэмэгддэг. Энэхүү асуудлыг шийдэхээр өнгөрсөн өвлөөс эхлэн “Тавантолгой түлш” компани сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн ч агаарын бохирдлыг бүрэн шийдэж чадаагүй л байна. Харин зарим иргэд угаартан амь насаараа хохирсон тохиолдол нэлээдгүй гарсан бөгөөд үүнээс үүдэн гэр хорооллын айл өрхүүд галлагаа хийхдээ битүүхэн айдаст автаж буй нь нууц биш.

Харин өнгөрсөн долоо хоногт Т.Гантөмөр гэх иргэн цахим хуудсаараа дамжуулан өөрийн санаачилж, хийсэн “Шахмал цаасан эко түлш”-ийг танилцуулсан бөгөөд иргэд ихээр сонирхож, авч хэрэглэж эхэлсэн байна. Түүний хувьд хайгуулын инженер мэргэжилтэй ба Канад улсад цаасны үйлдвэрт 14 жил ажиллажээ. Улмаар цар тахал гарсан учир нэгдүгээр сард эх орондоо ирж, энэ хугацаандаа уг түлшээ хийж эхэлсэн байна. Түүний хийж туршсан “Шахмал цаасан эко түлш” нь утаагүй, үнсгүй, тоос тортог гаргадаггүй гэдгээрээ онцлог ажээ. Бид түүнтэй холбогдон өөрийнх нь санаачилж хийсэн эко түлшийнх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.

СОНСОХ:

-ЦАР ТАХЛААС БОЛЖ ЭХ ОРОНДОО ИРЧИХЭЭД АЖИЛГҮЙ БАЙХ ХУГАЦААНДАА ХИЙСЭН ТУРШИЛТ МААНЬ АМЖИЛТТАЙ БОЛЖ, ХҮМҮҮСТ ХҮРСЭНД ИХ БАЯРТАЙ БАЙГАА-

-Эх орондоо нэгдүгээр сард ирсэн юм байна. Анх цаасаар түлш хийх санааг яаж олсон юм бэ?

-Тийм ээ, би Канад улсад олон жил ажиллаж амьдарсан. Энэ нэгдүгээр сард эх орондоо ирээд хэвлэх үйлдвэрээс гарч буй их хэмжээний хаягдал цаас, ном сонинууд зүгээр гал асаах хэрэгсэл болон зарим нь бүр хог болон хаягдаж байгааг анзаарч харсан юм. Ингээд дөрөвдүгээр сараас эхлэн өөрийн хоёр дүүтэйгээ нийлэн хаягдал цаасаар эко түлш хийж үзсэн. Эхэндээ зөвхөн өөрсдийнхөө хэрэглээнд зориулан хийж байсан ч хөрш айл, өрхүүд маань авч хэрэглэж үзээд, ахин авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хүмүүс ингэж ихээр сонирхож, авна гэж огт төсөөлөөгүй. Ингээд зуны турш 5 мянга гаруй шахмал түлш хийж, нөөцөлсөн юм.

-Шахмал түлшиндээ цааснаас өөр ямар ямар түүхий эд ашигласан бэ?

-Ер нь 90 хувь нь л цаас гэж ойлгож болно. Тэгээд үртэс болон бага зэрэг тос /ургамал, малын/ ашигласан.

-Хүмүүсийн зүгээс яг ямар цаас ашигладаг юм бэ, цаас авах уу гэж их асууж байсан?

-Тийм ээ, үйлдвэрийн хэмжээнд түлшээ гаргахаар болвол их хэмжээний цаас шаардлагатай. Тиймээс хүмүүсээс цаас авах бүрэн боломжтой гэсэн үг. Бүх төрлийн цаас байж болно л доо. Хэвлэх үйлдвэр, бичиг хэргийн хаягдал болсон цагаан цааснаас эхлээд дэлгүүрүүдэд байж байдаг цаасан хайрцаг, өндөгний хайрцаг, скочны гол гээд. Зарим хүмүүсийн зүгээс бохир цаас ашигладаг юм биш биз, гал бузартана шүү гэсэн хандлага бас гарч байсан. Бид өөрсдөө цэвэр агаарт, эрүүл орчинд амьдрахыг хүсэж ийм түлш хийж буй мөртлөө хүний хэрэглэсэн, бохир цаас хэрэглэхгүй шүү дээ.

-ЭРҮҮЛ ОРЧИН, ЦЭВЭР АГААРТ АМЬДРАХ, ХОГ ХАЯГДЛАА АШИГТАЙ БОЛОВСРУУЛАХ ГЭСЭН ХҮСЭЛДЭЭ ХӨТЛӨГДӨН ЭНЭХҮҮ
ТҮЛШИЙГ ХИЙЖ ЭХЭЛСЭН-

-Та өөрийн цахим хуудсандаа түлшнийхээ талаар мэдээлсэн байсан шүү дээ. Хүмүүс ихээр хандаж байгаа нь харагдаж байсан. Бас хөдөө, орон нутгаас хүмүүс ирж авсан гэсэн?

-Тийм ээ, зуны турш хийсэн 5 мянга гаруй түлш маань гуравхан хоногийн дотор дуусчихлаа. Орон нутгаас бас ачааны машинтай хүмүүс ирээд аваад явсан. Ер нь хүмүүсийн эрэлт маш их байгааг анзаарсан л даа. Тэгэхээр цаашид энэхүү түлшийг ихээр гаргаж, иргэдийн хэрэгцээг хангана гэвэл үйлдвэрийн аргаар л гаргах боломжтой юм билээ.

-Өнгөрсөн хугацаанд хийсэн түлшээ дан гар аргаар боловсруулсан юм уу. Ер нь бусад улс орнуудад цаасаар ийм түлш хийдэг технологи байдаг юм болов уу?

-Ер нь бол байдаггүй юм билээ. Бид өнгөрсөн хугацаанд дан гар аргаар түлшээ бэлтгээд зуны наранд хатааж байсан. Мөн үйлдвэрийн байр байхгүй тул өвөл хийх боломжгүй. Бусад улс орнуудад ч цаасаар түлш хийх туршлага дутмаг тул бид өөрсдөө л сэтгэж тоног төхөөрөмж бүтээх шаардлага гарч ирж байна. Жишээлбэл, шахагч машин, хатаалга хийх цех гэх мэт зүйлс хэрэгтэй болох юм.

-Утаа гардаггүй, тортоггүй гэхээр байгаль орчинд эерэг нөлөөтэй юм байна шүү дээ. Бидний гол асуудал болсон агаарын бохирдлыг ч мөн бүрэн шийдэх боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ, бид зуны турш өөрсдөө гэртээ хэрэглэж үзсэн. Үнс маш бага гардаг, мөн утаа тортоггүй гэдгийг нь баталгаажуулсан. Тиймээс Улаанбаатар хотын иргэд бүгд хэрэглээд эхэлвэл агаарын бохирдол хурдан хугацаанд үгүй болох бүрэн боломжтой гэж бодож байна. Дээрээс нь маш илчтэй, нэг тоосго шиг түлш л гэхэд энгийн пийшинд 45 минут шатаж байсан. Харин төслийн зууханд түлж үзэхэд 20 минут шатаж байсан.

-УЛААНБААТАРЧУУД МААНЬ ЦААШДАА ШАХМАЛ ЦААСАН ЭКО ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭЖ ХЭВШВЭЛ АГААРЫН БОХИРДЛООС САЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА-

-Цаас их хурдан шатаж дуусдаг. Харин энэ түлшний хувьд удаан шаталттай байгаа нь юутай холбоотой юм бэ. Зарим хүмүүс бас энэ түлшийг гал асаахдаа хэрэглэж болох уу гэж асууж байсан?

-Тийм ээ, болно. Түлшнээс жааханг бутлаж аваад шүдэнз асаахад л дүрэлзэж асна. Тэгэхээр цаас ашиглалгүй, энэ түлшээр гал асаах боломжтой. Удаан шаталттай байгаа гол шалтгаан нь тос болон сайн нягтаршилтай нь холбоотой.

-Хэрэглэж үзсэн хүмүүсийн зүгээс ямар сэтгэгдэл ирж байна. Хүмүүс ахиад авах хүсэлтэй байна гэсэн?

-Өө, ихэвчлэн л эерэг сэтгэгдэл ирж байна.Үнэхээр сайхан цэвэрхэн байна, утаагүй байна гээд л. Хэрэглэж үзсэн хүмүүс ахиад л асууж байна лээ. Миний нүүр хуудсаар бас маш олон хүмүүс авья гэж хандаж байна. Энэ нь надад маш их урам өгсөн. Даан ч хийсэн нөөц маань дуусчихсан учраас бүх хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйд л хүрээд байна даа.

-Цаашид юуг зорьж ажиллах вэ. Таны хийсэн түлш хүмүүст их таалагдаж байна. Эрэлт ч их болчихлоо шүү дээ?

-Тийм ээ, миний хийсэн туршилт хүмүүст ингэж таалагдана гэж бодсонгүй. Цаашид бүх нөөц боломжоо ашиглан хэрэглэгчиддээ цэвэр, эко түлш хүргэхээр ажиллана гэж бодож байна. Мөн энэхүү түлшээ цаашид илүү сайжруулж, үйлдвэрийн түвшинд хүргэхийг зорьж байна. Нөөц бололцоогоо илүү сайжруулаад, иргэдийнхээ эрэлт хэрэгцээг хангах түвшинд хүрч чадвал утасны дугаар, хаанаас худалдан авч болох зэрэг мэдээллүүдээ илүү тодорхой болгоно оо. Нүүр хуудас руу маань хандаж, авья гэж байгаа иргэддээ маш их баярлалаа, мөн уучлалт хүсье.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.