Сайд Г.Ёндон өмнө нь Төрийн өмчит компаниар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлж байжээ

Сайд Г.Ёндон өмнө нь Төрийн өмчит компаниар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлж байжээ

Төсвийн зарцуулалтад иргэдийн хяналт оролцоог бий болгох зорилгоор 2014 онд УИХ-аар "Шилэн дансны тухай" хуулийг баталж, 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар тус системд 5634 төрийн байгууллага бүртгэлтэй байна. Тэгвэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2019 оны есдүгээр сарын шилэн дансанд одоогийн Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн хүүхдийн сургалтын төлбөрийн гүйлгээ бичигдсэн нь анхаарал татаж байна.

Тодруулбал, “Гёте” бүрэн дунд сургуулийн сурагч Ёндон овогтой А-ийн 5 сая 350 мянган төгрөгийн сургалтын төлбөрийг 2019 оны есдүгээр сард “Монголросцветмет” ТӨҮГ-аас төлсөн баримт байгаа юм. Ингэхдээ хоёр удаа 5,350,000 төгрөгөөр төлсөн гүйлгээ тус ТӨҮГ-ын шилэн дансанд бүртгэгдсэн байв.

Эх сурвалж: shilendans.gov.mn

“Монголросцветмет” ТӨҮГ нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхыг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол  Улсын анхны томоохон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж.

Чухам эрхэм сайд “Монголросцветмет” ТӨҮГ-тай ямар холбоотой вэ гэдэг асуудал урган гарч байгаа юм. Г.Ёндон нь 2002 оноос тус ТӨҮГ-тай холбогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл,  2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэрээр ажиллаж байжээ. Харин гүйлгээ бүртгэгдсэн 2019 онд тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байв. “Гёте” бүрэн дунд сургууль нь 2002 онд үүсгэн байгуулагдсан Германы хөрөнгө оруулалттай сургууль. Тус сургууль хосолсон хэлээр сургалтаа явуулдаг бөгөөд дунджаас дээш орлоготой айлын хүүхдүүд сурдаг гэдгээр нь хүмүүс мэддэг.