“Монголросцветмет” ТӨҮГ 74.1 тэрбум төгрөгийн өртэй байхад Г.Ёндон сайд АШИГТАЙ ажилласан гэж худал хэлжээ

“Монголросцветмет” ТӨҮГ 74.1 тэрбум төгрөгийн өртэй байхад Г.Ёндон сайд АШИГТАЙ ажилласан гэж худал хэлжээ

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нь хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрийн ажиллаж байсан “Монголросцветмет” ТӨҮГ-аас төлүүлж байсан баримт ил болж олны шүүмжлэлд өртөөд буй. Тэрбээр 2019 онд тус байгууллагад ажиллаж байхдаа ийнхүү хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн байдаг. 

Тэгвэл Г.Ёндон сайд өнөөдөр мэдээлэл хийж "Монголросцветмет төрийн өмчийн байгууллага нь улсын төсөвтэй хамаагүй, ашгийн төлөө байгууллага. Уг  компанид 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж байгаа журам байдаг. Энэ журамд компанийн гүйцэтгэх удирдлагыг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу компани ашиггүй ажиллах үед хөнгөлөлтийг олгодоггүй. Тиймээс 2012 оноос хойш 5 жилийн хугацаанд урамшуулал олгож байгаагүй. Миний хувьд Монголросцветмет компанид 2018 оноос гэрээ байгуулан ажилласан.

Монголросцветмет компани 2019 онд 34.8 тэрбумыг олж, түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан. Тийм учраас урамшуулал авсан" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл тус компанийн өр 2020 оны эхний хагас жил буюу нэгдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 30-ны хооронд 12.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 74.1 тэрбум болсон байна.

Урт хугацааны өр төлбөр нь 11.2 тэрбум хэвээрээ харин богино хугацааны өр төлбөр нь 50.3 тэрбум байснаа 62.9 тэрбум төгрөг болж өссөн байна.

 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт өр нь 61.6 тэрбум төгрөг байжээ.