Увс аймгийн ИТХ-д сонгогдсон бие даагч дөрвөн гишүүн АН-д элсжээ

2020-10-27 14:14

Увс аймгийн ИТХ-д сонгогдсон бие даагч дөрвөн гишүүн АН-д элсжээ

Өнөөдөр Увс аймгийн ИТХ-аар сонгогдсон АН, МАН-ын гишүүд болон бие даагч таван гишүүн ирэх дөрвөн жилд ИТХ, Засаг даргын албан тушаалыг аль нам удирдах асуудлыг хуралдлаа. Тэгвэл уг хурлаар бие даагч дөрвөн төлөөлөгч АН-тай нэгдэж, 23 буюу олонхыг бий болгох шийдвэрт хүрчээ. Харин биеэ даагч нэг төлөөлөгч буюу Түргэн сумаас сонгогдсон н.Алтанням эвсээгүй үлдсэн байна. Ингэснээр ирэх дөрвөн жилд АН Увсад засаглахаар болж байна.

2020-10-27 12:37

Увс аймгийн ИТХ-д сонгогдсон бие даагчид МАН-ын даргын албан тушаал өгөхийг шаарджээ

Энэ сарын 15-ны өдөр болж өнгөрсөн Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулиар МАН Нийслэлийн ИТХ-д үнэмлэхгүй ялалт байгуулж, ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотыг дахин удирдахаар болсон.  АН ч чамлахааргүй амжилт үзүүлж, нэг дүүрэг, 9 аймагт ялалт байгуулсан. Тухайлбал,  Увс аймагт АН-19, МАН-17 суудал авсан бол таван бие даагч мөн сонсогдсон.

Бие даан сонгогдсон таван төлөөлөгчийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн дэвшүүлсэн гэж буй.

Учир нь орон нутгийн сонгуульд 10 гаруй хүнийг тэрээр санхүүжүүлж, бие даалган нэр дэвшүүлж байгаа гэж Увс аймгийн МАН-ын хорооноос үзэн, энэ тухай гомдлоо МАН-ын Удирдах зөвлөл, Хяналтын хороонд гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл яг одоо Увс аймгийн ИТХ-ыг аль нам “толгойлж, засаг даргаа томилох” эсэх асуудал ид яригдаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талууд хоёр удаа зөвшилцлийн ширээний ард суусан ч шийдвэр гаргаж чадаагүй аж. Учир нь бие даагч таван гишүүдийг АН, МАН өөртөө элсүүлэхээр “үзэлцэж” байна гэх. Мөн МАН-ын зүгээс бие даагч таван гишүүнд “Аймгийн дарга, хурлын дарга, орлогч дарга, агентлагийн дарга”-ын суудлыг өгнө гэж амласан ч бие даагчид МАН-ын даргын суудлыг  өгөх нөхцөлийг санал болгосон гэх мэдээлэл байна.  Харин МАН-аас энэхүү нөхцөлийг нь хүлээн авах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Ямартай ч өнөөдөр тус аймгийн ИТХ-д сонгогдсон хоёр намын гишүүд болон таван бие даагч 14.00 цагаас дахин хуралдах юм байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн нэр дэвшүүлсэн гэх таван бие даагч аль намын талд орохоос  тус аймгийн ИТХ, Засаг даргын албан тушаалыг аль нам удирдах нь тодорхой болох юм.