БНСУ-д Монголын иргэн 6.6 сая воны залилан хийсэн хэргээр баривчлагджээ

БНСУ-д Монголын иргэн 6.6 сая воны залилан хийсэн хэргээр баривчлагджээ

БНСУ-ын Кёнги мужийн Гванжу хотын цагдаагийн хэлтсээс 30 орчим насны Монгол иргэн А утсаар дамжуулан удаа дараа залилан хийсэн хэргээр баривчлагдсан талаар мэдээлжээ. Тодруулбал, аравдугаар сарын 15-нд иргэн А нэгэн санхүүгийн байгууллагын нэр барин 40 орчим насны эрэгтэй хохирогчтой утсаар ярьж, мэдээллийг нь авч, 6.6 сая вон залилсан аж.

Мөн аравдугаар сарын 21-нд Гванжугийн зүүн болон өмнөд бүсийн цагдаагийн хэлтэс дээрхтэй ижил аргаар 11 сая, 20 сая вон залилсан хэргүүдийг илрүүлснээ мэдээлжээ. Хохирлыг нийт дүнгээр нь авч үзвэл, энэ жил дээрх төрлийн 488 залилангийн хэрэг гарч, нийт 10 тэрбум вон гэмт хэрэгтнүүдийн гарт орсон байна.

Цагдаагийн таван хэлтэс 483 хэрэг дээр ажиллан 61 хүн баривчилсан ч тэд бүгд бэлэн мөнгө залилсан, эсвэл олон хүнээс бага хэмжээний мөнгө цуглуулах арга хэрэглэсэн байжээ. Хэдийгээр залилангийн хэргийг гардан хийсэн хүмүүсийг баривчиллаа ч ажил олгогчид нь дахин өөр хүмүүсийг ажиллуулж, гэмт хэргээ үргэлжлүүлдэг тул үр дүн гарахгүй байгаа аж. БНСУ-ын Кёнги мужийн Гванжу хотод жил ирэх тусам утсаар үйлдэгддэг залилангийн хэрэг олширсоор байгаа ч цагдаа нар дорвитой шийдэл олж чадахгүй байна.

Эх сурвалж: Yonhap