Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрийг "Эрдэнэт" үйлдвэрээс төлүүлжээ

Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрийг "Эрдэнэт" үйлдвэрээс төлүүлжээ

"Эрдэнэт" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нь өөрийн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөрийг "Эрдэнэт" үйлдвэрээс төлүүлсэн баримт ил боллоо. Тодруулбал, Б.Буянжаргалын сургалтын төлбөр болох 102.385.101 төгрөг 24 мөнгийг "Эрдэнэт" ТӨҮГ-ын данснаас Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлж байжээ. 

Х.Бадамсүрэн нь 2016 онд "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа юм. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал өмнө нь хэдэнтээ яригдаж байсан. Харин энэ удаа түүнийг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж ажлаасаа чөлөөлөгдөхийг иргэд шаардаж эхэллээ. 

Уул, уурхайн сайд Г.Ёндон нь "Монголросцветмент" ТӨХК-д ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг компаниас төлүүлж байсан баримт мөн ил болсон. Түүгээр хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрийг эргүүлэн гаргуулах шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан билээ. Тэгвэл Х.Бадамсүрэнгээр мөн охиных нь сургалтын төлбөрийг эргүүлэн улсад төлүүлэх үү гэдэг асуулт гарч байна.