Амралтын өдөр хоёр иргэн амиа хорлох үйлдэл гаргах гэж байсныг таслан зогсоожээ

Амралтын өдөр хоёр иргэн амиа хорлох үйлдэл гаргах гэж байсныг таслан зогсоожээ

Энэ сарын 15-ны өдөр  нийт 168 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 95 дуудлага, мэдээллийг хүлээн авчээ.

Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан  дүүргийн 15 дугаар хороо Өнөр хорооллын гудамж, нэгдүгээр хорооллын 23 дугаар байрын хойд замд Nissan X-Trail маркийн автомашины жолооч Б нь, Тоёота приус, Honda Insight , Honda Civic зэрэг гурван автамашины жолоочтой мөргөлдсөн осол болсон байна. Дээрх ослын улмаас  зорчигч 28 настай, эмэгтэй О, 13 настай, эрэгтэй Х, 11 настай, эмэгтэй А, дөрвөн  настай, эрэгтэй Т, нэг сартай жирэмсэн эмэгтэй А, 58 настай, эмэгтэй У нарын зургаан хүн гэмтжээ.

Мөн энэ өдөр  Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын тавдугаар  багийн нутаг “Хөтөл нуур” гэх газар шороон замд Тоёота Prius  автомашин онхолдож, 36 настай, эрэгтэй Т нас барж, зорчигч 34 настай, эмэгтэй Б, дөрвөн  настай, эрэгтэй Б нарын  хоёр хүн гэмтсэн хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газарт амиа хорлохыг  завдсан хоёр дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны таван  давхар орон сууцны дээд давхрын тагтнаас  22.23 цагт хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ.  Улмаар тус байрны оршин суугч 37 настай, эмэгтэй О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таван давхрын тагтнаас үсрэх гэж байсныг алба хаагчид эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд  байрлах есөн  давхар орон сууцны барилгын зургаан давхрын цонхноос хүн унах гэж байна  гэсэн дуудлага мөн өдрийн 23:23 цагт хүлээн авчээ. НОБГ-ын Аврах ангийн алба хаагчид  очин тус байрны оршин суугч 21 настай, эрэгтэй  Э нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зургаан  давхрын цонхоор хоёр  хөлөө унжуулан тамхи татаад сууж байсныг эсэн мэнд буулгаж амь насыг нь авран хамгаалжээ.

Мөн долдугаар сарын 14-ны өдөр 14.00 цагт   Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “Зөрлөг” гэдэг газар  жонш баяжуулах үйлдвэрийн цэвэр ус хадгалах усан санд гэрээт хамгаалагч Хөвсгөл аймгийн харьяат иргэн 45 настай эрэгтэй Д  живж нас барсан байна. Талийгаач жонш баяжуулах үйлдвэрийн цэвэр ус хадгалах усан санд живсэн  нь тус компанийн дотоод камерт бичигдсэн байна.  Аймгийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн газрын  алба хаагчид өчигдөр /2019.07.15/ 18:55 цагт дөрвөн  метрийн гүнтэй усан сангаас цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө