НЗДТГ: Бямба гаригт замын хөдөлгөөнийг 10:30-18:40 цагийн хооронд хаана

НЗДТГ: Бямба гаригт замын хөдөлгөөнийг 10:30-18:40 цагийн хооронд хаана

Өнөөдөр /2019.05.15/ Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар марафон 2019 олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийлээ.  Нийслэлийн Засаг даргын захирамж гарч тавдугаар сарын 18-ны өдөр буюу энэ бямба гаригт нийслэл хотод автомашингүй өдөр, Улаанбаатар марафон тэмцээн, бурхан багшийн их дүйчин өдөр давхцаж байгаа юм.

Нийслэлий Биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболд:

-МАРАФОНД ОРОЛЦОХ ИРГЭД ТАМИРЧДЫГ ТАВДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ-

Улаанбаатар марафон олон улсын гүйлт зургаа дахь жилдээ болох гэж байна. Дэлхийн томоохон хотууд өөрийн нэрэмжит марафон гүйлт зохион байгуулдгийн жишгээр бид мөн зохион байгуулж эхэлсэн байдаг.  Тавдугаар сарын 18-ны өглөө 07цагаас зам хаагдаж, гүйгчид сонирхогч иргэд 08 цагт цуглах ёстой. Бид 09 цаг урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж, дасгал хөдөлгөөн гүйлтэндээ зориулсан гарааны нээлт хийнэ. Мөн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн хурлын дарга энэ гүйлтийг нээж 09:30 цагаас гараа эхэлнэ.

Энэ гүйлт 42 болон 21 км гэсэн бүтэн, хагас марафон, 10 болон 5 км-ийн зайн эрүүл мэндийн гүйлт, мөн 1.5 км-т гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зай бэлдсэн. Уг марафонд одоогоор 300 гаруй гадаад иргэн, олон улсын нэр хүндтэй холын зайн марафон гүйлтэд оролцдог тамирчид ирж гүйхээр бүртгүүлээд байна.

Улаанбаатар марафон гүйлтийн бүртгэл бүх дүүргийн Биеийн тамир спортын хороо болон нийслэлийн Биеийн тамир спортын хороо, Олимпийн хороо, Хэт холын зайн гүйлтийн хороон дээр эхэлсэн. Бүртгэлийг 2019 оны тавдугаар сарын 16-ны өдрийг дуустал бүртгэнэ.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага:

-СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ, ОЛОН ТӨРЛИЙН ТЭМЦЭЭН, ПАРАД ЗОХИОН БАЙГУУЛНА-

Дэлхий даяар Автомашингүй өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. Манай улс 2009 оноос хойш автомашинаас үүдэн учирч байгаа осол гэмтлийг буруулах, иргэдэд зөв дадал суулгах зорилгоор тэмдэглэж ирсэн. Энэ жил бид “Эрсдэлгүй, эрүүл орчин” уриан дор уг өрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа хангалаа.

Автомашингүй өдөр 2019 оны тавдугаар сарын 18-нд 10:30 цагаас 18:40 цаг хүртэл зохион байгуулагдана. Өдөрлөгийн арга хэмжээний үеэр автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуйн хэрэглээг хүмүүст сурталчлах, явган алхалтыг дэмжих, эрүүл зөв дадал хэвшлийг сурталчлах арга хэмжээнүүд хийнэ. Мөн энэ зорилгодоо чиглэсэн урлаг соёлын арга хэмжээ, хөгжөөнт тоглоом, АХА тэмцээн, дугуйн парад, хүүхдийн урлагийн тоглолтуудыг үзүүлэхээр бэлдээд байна.

Автомашингүй өдөрт оролцох байгууллага, үйл ажиллагааг дэмжсэн байгууллагуудын тоо жил бүр нэмэгдэж, энэ жил 10 гаруй байгууллага бидний үйл ажиллагаанд хамтран оролцохоор болсон байна.

Тээврийн цагдаагийн алба:

-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС БАРУУН ДӨРВӨН ЗАМ, ГЭНДЭНГИЙН ГУДАМЖААС ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ ХҮРТЭЛ ЗАМ ХААНА-

Автомашингүй өдрийг манай нийслэлчүүд хүлээдэг болсон байна. Энэ өдөр бидний амьдралд автомашины гүйцэтгэж буй үүрэг, зам тээврийн осол хэдэн хувиар буурдаг, агаарын бохирдол хэдэн хувиар буурдаг болохыг нийслэлчүүд болон Монгол улсын иргэддээ харуулдаг уламжлалтай болсон байна.

Энэ үйл ажиллагааны дараа автомашины хэрэглээ зүй зохистой болдог гэдэг нь судалгаагаар харагддаг. Энэ өдөр тээврийн хэрэгслүүд өвлийн цагийн хязгаарын дагуу хязгаарлагдах учир хязгаарлагдсан учраас та бүхэн автомашинтайгаа ирж өөрийн болон бусдын цагт хүндрэл учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас сануулж байна.

Өвлийн цагийн хуваарийн дагуу гэдэг нь Зүүн дөрвөн зам, Бөмбөгөр, Гэндэнгийн гудамж, Хүүхдийн урлан бүтээх төв хүртэл хаагдана. Бусад хөдөлгөөнүүд хэвийн байна.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд:

-ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 01:30 ЦАГИЙН УРЛАГИЙН ТОГЛОЛТ БОЛНО-

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн өдрүүд нэгэн дор буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиодог билээ. Мөн эрт дээр үеэс Бурхан багшийн их дүйчин өдрийг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нийслэл хоттойгоо хамтран уг өдрийг баяр болгон тэмдэглэж, олон нийтийг ёс суртахуунд уриалж, нийгмийн сайн сайханд түүчээлдэг болсон.

Энэ жил Гандантэгчинлэн хийд тэргүүтэй бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, сүм хийдүүд бүтэн өдрийн турш хурал номын үйл ажиллагаа явагддаг. Өнөө жил “Ёс суртахуунаа дээдэлье”, “Автомашины осол тэргүүтнээс өөрийгөө болон үр хүүхдүүдээ хамгаалъя” уриан дор явуулж буй. Дүйчин өдрийн үйл ажиллагаа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд дээрээс эхэлж, 10 цагаас ёслолын үйл ажиллагаа болж төр нийгэм, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцоно. Ёслолын ажиллагааны үеэр Үндэсний их театрын уран бүтээлчид өмнө тавьж байгаагүй, уг өдөрт зориулсан 1.30 цагийн тоглолт нийт ард олон, сүсэгтэн олонд зориулан танилцуулна. Мөн өдөр хүндэтгэлийн парад, төв тайлбад эзэн Чингис хааны сан тахилга унших, Гэгээн гэрэл бясалгалын залуус флаш моб хийнэ. Хүндэтгэлийн парад 15:00 цагт, Чингисийн хөшөөний өмнөх Амрлан оршихуй бясалгалын флаш моб 16:00 цагт болно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ