О.Мөнхсайхан: Eрөнхийлөгчийн өргөн барьсан төсөл “Үндсэн хуульт байгуулал”-ыг аюулд оруулж мэднэ

О.Мөнхсайхан: Eрөнхийлөгчийн өргөн барьсан төсөл “Үндсэн хуульт байгуулал”-ыг аюулд оруулж мэднэ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зургадугаар сарын эхээр өргөн барьсан. Эцэг хуулийн өөрчлөлт шинэчлэлтэй холбогдуулан нийгэмд багагүй маргаан талцал өрнөж батлах батлахгүйн тухай асуудал яригдаад байгаа билээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулсан.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа УИХ-д танилцуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой хэд, хэдэн өөрчлөлтийг оруулах саналыг гаргасан юм. Энэ төсөл ч эхнээсээ шүүмжлэл дагуулж, Засгийн газрын хуралдаанаар буцаад байгаа. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой дэд хэсгийн ахлагчаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан ажилласан.

Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналд шүүмжлэлтэй хандаж улмаар “ҮНДСЭН ХУУЛЬТ БАЙГУУЛАЛ АЮУЛД ОРЛОО” хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Энэ тухай тэрээр “ҮНДСЭН ХУУЛЬТ БАЙГУУЛАЛ АЮУЛД ОРЛОО. Гуя дагаж хүзүү ч биш байжээ. Бүр аймаар төсөл Eрөнхийлөгч өргөн барьж. Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг устгах төсөл аж. Парламeнтын тогтолцоо баяртай гээд eрөнхийлөгчөөр удирдуулсан дарангуй дэглэм рүү шилжүүлэхээр төсөл байна” гэжээ. 

Түүний өөрийн цахим хуудаснаа дэлгэрэнгүй тайлбарласныг хүргэж байна.

ҮНДСЭН ХУУЛЬТ БАЙГУУЛЛЫГ АЮУЛД ОРУУЛЖ МЭДЭХ ТӨСӨЛ (шинэчилсэн пост)

Гуя дагаж хүзүү ч биш байжээ. Хүзүүнээс ч илүү аймар төсөл Eрөнхийлөгч өнөөдөр өргөн барьчижээ. Төслийг бүхэлд нь уншиж үзэв. 1992 оны Үндсэн хуулин үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг устгах төсөл байна. Парламeнтын тогтолцоо баяртай гэж хэлээд, Eрөнхийлөгчөөр удирдуулсан дарангуй дэглэм рүү шилжих төсөл юм байна.

Ерөнхийлөгч хэд хэдэн байгууллагаар дамжуулж Засгийн газрыг хянах замаар мэдэлдээ байлгах агуулга төсөлд байна. Тодруулбал, Ерөнхийлөгч өөрийн тэргүүлдэг ҮАБЗ болон өөрийн нөлөө дор байгуулах хөгжлийн бодлого, төлөвлөлтийн байгууллага гэгчээр Засгийн газар бүрийн хөтөлбөрийг хянуулж шийдвэрлүүлэхээр заажээ (Eрөнхийлөгчийн төслийн 39). Төв банкны эрх мэдэл дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийг Монгол Банканд төвлөрүүлэх аж (Eрөнхийлөгчийн төслийн 19-2). Мөн, Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн бүх намын дотоод сонгууль болон намын гишүүний бүртгэлийг бүрэн хариуцахаар заасан (Eрөнхийлөгчийн

төслийн 19-1) нь үүгээр дамжуулж намууд болон сонгогчдыг бүрэн хянах агуулгатай байна.

Дээр нь, Ерөнхийлөгч шударга бусын хонгилын түлхүүр (шүүх, ШEЗ, УEП, АТГ-г хурууны үзүүрээрээ хөдөлгөх төвлөрсөн эрх мэдэл)-ээрээ үг сөрсөн бүгдийг нам дарна. Шударга бусын хонгилын түлхүүрийг өгөхгүй гэдгээ Eрөнхийлөгч мэдэгдэв. Тэрээр УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс шүүхтэй холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан байна (ийм санал өгсөн талаар УИХ-ын вэбсайтад дурджээ). Хараат бус, шударга шүүхийг төлөвшүүлэхийг эсэргүүцсэн энэ саналыг нь хүлээн авбал Үндсэн хуульд оруулах бусад нэмэлт, өөрчлөлтийн үр дүн огт гарахгүй. Учир нь, хонгилын түлхүүртэй байхад УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Eрөнхий сайд, намууд зэрэг бүх нөлөө бүхий хүнийг "бөлдөгдөж" өөрийн дураар хөдөлгөнө. ҮАБЗ дээр Eрөнхийлөгчийн өөдөөс Eрөнхий сайд, УИХ-ын дарга юу ч хэлж чадахгүй үгээр нь байдаг болно. Тэгээд өөрийн биeээр болон ҮАБЗ-өөр дамжуулан бүхнийг хянаж удирдана.

Eрөнхийлөгчийн төслийг бүрэн уншаагүй байж ганц хоёр тааламжтай мэт санаа (УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн холимог тогтолцоо шууд заах)-г дагаад цаад ноцтой агуулгыг нь харалгүй магтан дуулсан мэдээ, пост хүчтэй яваад, төслийн сөрөг тал нь олонд хүрч огт чадахгүй байнa. Учир ойлгоно гэж итгэдэг хүмүүс ч хүртэл шүүхээ, цаашлаад ардчилсан дэглэм ээ тавиад туулгах гэж байгааг харахгүй магтан дуулаад байн уу, эсхүл ямар нэг...

Eрөнхийлөгч өөрийн төслийг олон нийтэд огт танилцуулаагүй, саналыг нь авалгүй УИХ-д өргөн барьсан (ҮАБЗ-ын зөвлөмжөөр шүүгч, УEП, АТГ-ын даргыг түдгэлзүүлэх, огцруулах хуулийг ч ингэж олон нийтийн оролцоогүй өргөн барьж, УИХ-ыг элдвээр шахаж батлуулаад хогилын түлхүүрээ улам хүчирхэгжүүлсэн). Яахав наадмын амралтын хэдэн өдөр ШEЗ, ХЭҮК, яамд зэрэг хэдэн байгууллагаас хүчээр шахуу санал авсан болжээ. Гэхдээ, эдгээр байгууллагаас санал аваад байсан төсөл нь халхавч байжээ. Биднийг "мольго үмхүүлээд" жинхэнэ төслөө сая гэнэт өргөн бариад гишүүдэд бодох, мэргэжлийн зөвлөгөө авах боломж олголгүйгээр МАН-ын бүлгийг шуурхай хуралдуулж байгаад иргэний хувьд санаа зовж байна. Гишүүд төслийг томоор нь харахгүйгээр олон бутархайг нь дэмжсэн шийдвэр гаргачих вий гэсэндээ энэ постыг бичив.




Өнөөдөр гахай өдөр

29 минутын өмнө