Хабиб Нурмагомедовт “Улсын баатар” цол олгох саналыг В.Путинд хүргүүлжээ

Хабиб Нурмагомедовт “Улсын баатар” цол олгох саналыг В.Путинд хүргүүлжээ

ОХУ-ын Төрийн Думын депутат Г.Омаров холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовт “Улсын баатар” цол олгох санал гаргаж, Ерөнхийлөгч В.Путинд ханджээ.

Түүний хүсэлтэд “Хабиб Нурмагомедов нь спорт, эрүүл амьдрах ёсыг залуучуудад дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа тамирчин. Сайн үйлсийн аянд байнга оролцдог. Түүнд “Улсын Баатар” цол олгохыг хувиасаа болон нийт дагестанчууд, ОХУ-ын ард түмний өмнөөс хүсэж байна” гэж дурдсан байна.

Хабиб Нурмагомедов аравдугаар сарын 24-нд Абу Даби хотод болсон UFC 254 тулаанд ялалт байгуулсныхаа дараа зодог тайлж байгаагаа зарласан бөгөөд 32 настай  АНУ-ын тамирчин Жастин Гэйтжиг хоёр дахь үе дээр боох мэхээр буулгаж авсан юм. Тулааны дараа Нурмагомедов “Энэ бол миний сүүлчийн тулаан байлаа. Аавынхаа тусламжгүйгээр би энэ хүртэл явж чадахгүй байсан. UFC холбооноос намайг Жастинтай тулалдуулахаар болсны дараа, аавыгаа нас барснаас хойш анх удаа би ээжтэйгээ гурван өдөр ярилцсан. Ээж маань намайг аавгүйгээр тулалдуулахыг хүсэхгүй байв. Гэвч би сүүлчийн тулаанаа хийнэ гэж ээждээ амласан. Би амлалтаа биелүүлэх ёстой. Энэ бол миний сүүлчийн тулаан юм” гэж мэдэгджээ.