Дасгалжуулагч С.Эрдэнэбатад зодуулсан гэх Э.Цэндбаатар эмнэлгээс гарч, бэлтгэлдээ орсон уу

Дасгалжуулагч С.Эрдэнэбатад зодуулсан гэх Э.Цэндбаатар эмнэлгээс гарч, бэлтгэлдээ орсон уу

Дэлхийн аваргын хүрэл медалт, Азийн наадмын аварга, Олон улсын хэмжээний мастер боксчин Э.Цэндбаатар Эрдэнэт хотод тэмцээнд оролцох гэж очих үедээ бусдад зодуулж, хүнд гэмтсэн талаарх мэдээлэл өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан билээ.

-АРАВДУГААР САРЫН 23-НЫ ШӨНӨ ЭРДЭНЭТ ХОТЫН “МОЛОР” ГЭХ ЗОЧИД БУУДЛЫН ГАДАА БУСДАД ЗОДУУЛЖЭЭ-

Тодруулбал, уг хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Эрдэнэт хотын “Молор” гэх зочид буудлын гадаа болсон бөгөөд Э.Цэндбаатарыг “Golden Gem” боксын клубын дасгалжуулагч багш С.Эрдэнэбат зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Хэргийг одоогоор Орхон аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд Э.Цэндбаатарын хувьд эмнэлэгт долоо хоног эмчлүүлж байгаад гарч, бэлтгэлдээ орсон гэх мэдээлэл байна.

Бид энэ талаар өөрөөс нь тодруулахыг хүссэн боловч тэрээр хариулт өгөхийг хүсээгүй бөгөөд өөрийн цахим хуудсандаа бэлтгэлээ хийж буй зураг, бичлэгээ байршуулсан байсан юм.

-ТҮҮНИЙ ХУВЬД ӨМНӨ НЬ БУСАДТАЙ МАРГАЛДАН МАШИНААР МӨРГҮҮЛЖ, ГССҮТ-Д ХҮРГЭГДЭЖ БАЙСАН УДААТАЙ-

Түүний хувьд гурван жилийн өмнө буюу 2017 оны зун бусдад зодуулж, хүнд гэмтэн ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгдэж байсан удаатай. Тухайн үед эх сурвалжийн мэдээлж байснаар үл таних согтуу залуус түүнийг зодож, улмаар приус маркийн автомашинаар хөөж мөргөн гэмтээсэн байдаг. Тэр үед Боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайтад байрлах Содномзундуйн нэрэмжит спорт цогцолборт байрлан, ирэх дөрөвдүгээр сард зохиогдох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байсан билээ. Харин боксын үндэсний шигшээ багийн залуу тамирчид шөнийн 02:00 цагийн орчим Хандгайт дахь бэлтгэлийн баазаас оргон гарч хотын төвд ирэн шөнийн цэнгээний газарт баяраа тэмдэглэж байх үед энэхүү явдал болсон байдаг.

-ТЭРЭЭР НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ ДАШТ-Д АМЖИЛТТАЙ
ОРОЛЦОЖ БАЙСАН БИЛЭЭ-

Жилийн өмнө тэрээр сонирхогдчын боксын 2019 оны ДАШТ-ий хагас шигшээд шалгаран амжилттай тулалдсан байдаг. Манай улсаас тус тэмцээнд нийт долоон тамирчин оролцсоноос Азийн наадам болон Азийн АШТ-ий алтан медальт, ОУХМ Э.Цэндбаатар ганцаараа медалийн болзол хангаж байсан юм. Тэрбээр шигшээд шалгарахын төлөө Узбекстаны боксчин Миразизбек Мирзахалиловтой тулалдсан ч 5:0 онооны харьцаатай ялагдаж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.