Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хавтаст хэрэг прокурорын шатанд хянагдаж байна

Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хавтаст хэрэг прокурорын шатанд хянагдаж байна

Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарын хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн албанаас баривчлан цагдан хорьж шалгаж байгаад хилийн хоригтойгоор батлан даалтад гаргаад буй.

Учир нь “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корперэйшн) ХХК 2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл гэж үзэн АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгасан байдаг.

Шалгасан ажлын хэсэг уг хэрэгт гэм буруутайд тооцон Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар татсан юм. Мөн тухайн үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдын алба хашиж байсан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор, Зам тээврийн сайдаар ажиллаж асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгчийн алба хашиж байсан Н.Золжаргал нарын хүнийг шалгасан билээ.

Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын 10 гаруй хүнийг гэм буруутай байж болзошгүй гэж үзээд, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргажээ.

Уг саналыг Үндэсний их баяр наадмын өмнөхөн Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Албаны эх сурвалжуудын хэлж байгаагаар олон хавтас хэрэг учраас гүйцэд танилцахад багагүй хугацаа орох байх. Хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад шүүхэд шилжүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Иймээс прокурорт хавтаст хэрэг хянагдаж дуусмагц хуулийн процессийн дагуу шүүх рүү шилжиж улмаар шүүхийн тов зарлагдах юм байна.

У.УРАНЦЭЦЭГ