Их Британийн Ерөнхий сайд коронавирус тээгчийн ойрын хавьтал болсны улмаас тусгаарлагджээ

Их Британийн Ерөнхий сайд коронавирус тээгчийн ойрын хавьтал болсны улмаас тусгаарлагджээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны  харилцаж байсан хүнээс коронавирус илэрсний улмаас тэрээр тусгаарлагджээ. Одоогоор түүнд  халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. Түүнтэй ойр харилцсан хүн нь эрх баригч Консерватив намын хууль тогтоогч Ли Андерсан болох нь тогтоогдсон байна. Тэрбээр пүрэв гарагт Жонсонтой 35 минутын турш уулзсан цөөн тооны хүмүүсийн нэг байжээ.

Жонсон энэ оны хавар коронавирусийн халдвар авч, хүндээр өвчөлсөн бөгөөд тухайн үед Лондоны эмнэлэгт долоо хоног хэвтэхдээ хэд хоногийг нь сэхээн амьдруулах тасагт өнгөрөөж байв.

Энэ удаа тэрээр тусгаарлагдсан ч гэсэн Даунинг-стрит дэх өөрийн албан өргөөнд үргэлжлүүлэн ажиллаж, коронавирусийн цар тахлын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулна хэмээн түүний төлөөлөгч мэдээлжээ.

Эх сурвалж: BBC