Канадын зохион бүтээгч видео үзэж, дуу сонсох боломжтой коронавирусээс хамгаалах дуулга зохион бүтээжээ

Канадын зохион бүтээгч видео үзэж, дуу сонсох боломжтой коронавирусээс хамгаалах дуулга зохион бүтээжээ

Канадын залуу зохион бүтээгч Езин Аль-Кайси коронавирусээс хамгаалах дуулга зохион бүтээжээ. Сансрын нисгэгчийн малгай мэт харагдах тус дуулга нь цээж хүртэл сунаж тогтсон, баттерейгаар ажилладаг бөгөөд ар талдаа агааржуулагч сэнс, шүүлтүүртэй аж. Сэнс, шүүлтүүр нь агаарын солилцоо явуулах үүргээр ажиллахаас гадна хүнийг хэт халууцуулахгүй байх зориулалттай. Түүнчлэн сэнсийг ажиллуулдаг баттерейг нэг удаа дүүртэл цэнэглэхэд 12 цаг цэнэгээ барьдаг аж.

Агаар шүүгч системээс гадна дотоод болон гадаад дуу чимээг дамжуулах микрофон, чанга яригчтай тул дуулгыг өмсөгч нь эргэн тойрныхоо хүмүүстэй харилцахад ямар нэгэн бэрхшээл үүсэхгүй гэнэ. Тэр ч байтугай дуулга “Bluetooth”-тэй учир чихэвчийн үүргийг ч гүйцэтгэх гэнэ. Мөн одоо илүү өндөр технологийн хувилбарууд дээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй видео үзэх боломжтой дэлгэц болж хувирах үйлдлийг нэмэх гэнэ.

Өдгөө 32 настай зохион бүтээгч Аль-Кайси нь хоёр сарын өмнө энэхүү дуулгаа зохион бүтээсэн байна. Тухайн үед Канадад коронавирусийн халдвар дээд цэгтээ хүрч байсан тул амны хаалтаас илүү хамгаалах хэрэгсэл бүтээх санаа анх төрсөн байна. Удалгүй тус дуулгыг бүтээсэн бөгөөд эхэн үед өөрөө гадуур явахдаа өмсөж явах болжээ.

Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа “Хүмүүс дуулгыг хараад шоолох гэхээсээ илүү гайхаж хүлээн авдаг. Тэд намайг дуулгатай явж байхад хаанаас авсан юм бэ гэж маш их асуудаг” гэжээ.

Гэхдээ өнгөрсөн долоо хоногт коронавирусийн эсрэг хоёр ч вакциныг амжилттай туршигдаж, удахгүй дэлхий даяар нийлүүлэгдэнэ гэсэн мэдээ тархсан. Вакцин гарчихвал хүмүүс дуулгыг худалдан авах шаардлагагүй болно гэсэн үг юм. Харин  Аль Кайсигийн үзэж буйгаар халдвар алга болсон ч гэсэн тус бүтээгдэхүүн агаарын бохирдол өндөртэй орнуудад эрэлт хэрэгцээтэй хэвээр байх аж.

Түүний Юта хотод байрладаг “Hall Labs” компани 3000 гаруй ширхэг дуулгыг зарсан байна.  Дуулганы ширхэг бүрийн үнэ 149 долларын үнэтэй юм байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө