БХЯ-наас “Герман цэргээс халдвар илэрсэн” гэх мэдээтэй холбогдуулж МЭДЭГДЭЛ гаргав

БХЯ-наас “Герман цэргээс халдвар илэрсэн” гэх мэдээтэй холбогдуулж МЭДЭГДЭЛ гаргав

Өчигдөр буюу энэ сарын 19-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгээр ХБНГУ-д очсон Герман цэргийн алба хаагчийн коронавирусийн шинжилгээ эерэг гарсан гэх мэдээллийг тус улсын нэр бүхий хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Хэрэв уншигч таны Герман хэлний мэдлэг тааруу бол тус мэдээллийг translate.google ашиглан унших боломжтой.

Учир нь манай улсад болсон Монгол-ХБНГУ ын хамтарсан цэргийн сургалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн очсон байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тэгвэл Батлан хамгаалах яамнаас ХБНГУ-ын хэвлэлүүдэд гараад байгаа мэдээлэлтэй холбогдуулж дараах мэдэгдлийг гаргасан байна. 

“БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ МЭДЭГДЭЛ”-Д

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2009 оноос ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын батлан хамгаалах салбарын хооронд байгуулсан гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг.

Энэ удаагийн цэргийн багийн хамтарсан бэлтгэлийг хангах, уулын явган цэргийн сургалт зохион байгуулах зорилгоор ХБНГУ-ын Зэвсэгт хүчний 80 цэргийн алба хаагч 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод ирж УОК-оос гаргасан тусгаарлалтын журмын дагуу Кемпински Зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан.

Тусгаарлалтын хугацаанд 3 удаа коронавирусын шинжилгээнд хамрагдсан.

Хамтарсан сургалт дадлагыг Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд, Уулын явган цэргийн сургалтыг Тэрэлжид 2020 оны 10 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тус тус зохион байгуулсан. ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ХБНГУ-ын Зэвсэгт хүчний тусгай үүргийн нислэгээр буцах төлөвлөгөөтэй байсан. Гэвч Германаас ирэх нислэгийн багийн нэг гишүүний коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан учраас Монгол Улс руу хийх нислэг цуцлагдсан.

Нислэгийн хуваарийг дахин төлөвлөж 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХБНГУ-ын цэргийн албан хаагчид нутаг буцсан. Олон нийтийн сүлжээгээр “Саруул Агваандо” нэртэй хэрэглэгчийн иш татаж, нийтэд цацсан мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд ХБНГУ-ын цэргийн алба хаагчид Өмнөговь аймгийн Таван толгой руу зорчоогүй бөгөөд сургалт бэлтгэл Төв аймгийн Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдсан. Герман Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээллийг залруулахаар Монгол Улсад ХБНГУ-аас суугаа Элчин сайдын яам ажиллаж байна” гэжээ.

Жич: Бид БХЯ-ны тус мэдэгдлийг мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс хоёр талын байр суурь болгон нийтэлсэн болно. Учир нь ХБНГУ-ын хэвлэлүүд тус мэдээллийн анхдагч эх сурвалжууд бөгөөд, хэрэв тэд "Герман цэргийн шинжилгээний хариу эерэг гарсан" гэж худал мэдээллийг олон нийтэд хүргэсэн бол залруулга хийх учиртай. Иймд анхдагч эх сурвалжуудын залруулга мэдээллийг хүлээх үлдээд байна. Учир нь БХЯ мэдэгдэлдээ энэ талаар дурджээ.