Ангела Меркель: Ядуу буурай орнуудыг вакцинжуулах асуудалд санаа зовж байна

Ангела Меркель: Ядуу буурай орнуудыг вакцинжуулах асуудалд санаа зовж байна

Дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч гүрнүүдийн "G20" дээд хэмжээний уулзалтыг Саудын Араб зохион байгууллаа. Уулзалтаар удирдагчид цаг үеийн асуудлаар ярилцаж, улс орнуудад тулгараад буй нийтлэг бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар хэлэлцжээ.

Энэ үеэр ХБНГУ-ын канцлер Ангела Меркель ядуу буурай орнуудыг вакцинжуулах асуудалд санаа зовж байгаа талаараа ярив. Тэрээр вакциныг зөөвөрлөх тийрэлтэт онгоцны хуваарилалтад хяналт тавьж ажиллах хэрэгтэй анхааруулж, вакцины ахиц дэвшил удаашралтай явагдаж байгаа тул энэ асуудлаар GAVI /дэлхийн вакцины холбоо/-тай ярилцах болно гэжээ.

Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон G20-ийн удирдагчдыг ядуу буурай орнуудад вакцин хандивлах, аж үйлдвэрийн түншлэлийг бэхжүүлэх, оюуны өмчөө хуваалцах зэргээр туслах чиглэлд анхаарахыг уриалсан байна.

Саудын Арабын Сангийн сайд Мохаммед аль-Жадаан вакцинд бүх орны иргэд хамрагдах ёстойг амлаж, “Хэрэв аль нэг улсыг үлдээх юм бол дахиад л бүгд ухрах болно” гэжээ.

Уулзалтын үеэр тэд эдийн засгийн хямралд нэрвэгдсэн ядуу орнуудад дэмжлэг үзүүлэхээ амласан боловч нарийвчилсан, тухайлбал ямар орон, ямар чиглэлээр хэчнээн хэмжээний санхүүгийн тусламж үзүүлэх талаар нарийвчилж яриагүй байна. Мөн улс орнууд Ковид-19 вакцины үйлдвэрлэл, шударга хуваарилалт, вирусийг эмчлэх, туршилтыг дэмжихэд шаардагдах санхүүжилтыг нэн даруй шийдвэрлэхээ амлаж, “тэгш хүртээмжтэй хуваарилахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна” гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN