Европын Холбооноос ОХУ-ын вакциныг хэрэглэхгүй байхыг анхааруулав

Европын Холбооноос ОХУ-ын вакциныг хэрэглэхгүй байхыг анхааруулав

Өнгөрсөн наймдугаар сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Спутник V” гэж нэрлэсэн коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакцин гарган авснаа зарласан билээ. Харин хэд хэдэн орны удирдагч, төлөөлөгчид болон мэргэжилтнүүд гуравдугаар шатны эмнэлзүйн туршилт дуусаагүй байхад вакцин гаргалаа хэмээн түрүүлж зарласныг шүүмжилж байв.

Үүнээс хойш тус вакциныг хийлгэсэн хүмүүст янз бүрийн гаж нөлөө илрэх болсон талаар ОХУ-ын хэвлэлүүд мөн бичиж байсан юм. “Спутник V” вакциныг бэлэн болсон даруйд ОХУ-ын холбоотон болох Беларусь, Польш, Унгар тэргүүтэй орнууд авахаа мэдэгдсэн юм. Тэгвэл Европын Холбооноос өөрийн гишүүн орон болох Унгарт тус вакциныг хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.

Тодруулбал, Европын Холбооны хурлын үеэр “Европын Холбооны гишүүн 27 орны аль нь ч Европын эмийн агентлагаас зөвшөөрөл аваагүй вакциныг авах, туршилт болох учиргүй. Хэрэв аюулгүй байдал нь тодорхойгүй, тогтоогдоогүй вакциныг авч иргэдэд хийвэл эргээд үүсэх сөрөг үр дагавар их байх болно” гэжээ.

“Спутник V”вакциныг хийлгэсэн хүн коронавирусээс 92 хувь хамгаалагдах талаар өнгөрсөн долоо хоногт тус улсын Засгийн газраас мэдэгдсэн байна. Гэсэн ч туршилтын сүүлчийн шатны үр дүн нь тодорхойгүй вакциныг авахаас татгалзахыг Европын Холбооноос сануулж байгаа юм. “Спутник V” вакциныг Бразил, Мексик, Филиппин, Арабын Нэгдсэн Эмират улсууд мөн авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа аж.

Эх сурвалж: Euractiv