МОНГОЛ БАНК: Бодлогын хүүг хоёр нэгжээр бууруулж 6 хувь болголоо

МОНГОЛ БАНК: Бодлогын хүүг хоёр нэгжээр бууруулж 6 хувь болголоо

Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор гаргасан мэдэгдлийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онлайнаар хэвлэлийн хурал хийж танилцуулав.

Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар өнөөдөр (2020.11.23) бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 6 хувь болгох, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2,5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох, зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах, ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэр гаргасан байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, 

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулаад эдийн засаг, бодит сектор, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн салбарын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний эрсдэл, хүндрэлүүд учирч байна. Хүндрэлийг хэрхэн зөөлрүүлэх вэ, цаашдаа тогтвортой байдлыг хангах талаар ямаршуу дэмжлэг үзүүлж, бодлогын шийдвэр гаргавал нэмэр болох вэ гэдэг асуудлаар өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг та бүхэнд танилцуулъя.

"Бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хувийг бууруулах, хэрэглээний зээлийн хугацааг сунгах, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай"

-Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх,
-Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2,5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох,
-Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
-ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа.

Энэ багц шийдвэр Covid-19 цар тахлын үед эдийн засаг, банк санхүүгийн салбарт үүсч буй сөрөг үр нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдэд, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэж байна.

Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Жилийн инфляц 2020 оны аравдугаар сард улсын хэмжээнд 2,4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2,6 хувьд хүрлээ.

Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж, зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг Covid-19 цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9,7  хувиар агшсан бол гуравдугаар улиралд -3,1 хувь болон саармагжиж, төлбөрийн тэнцлийн төсөөлөл сайжрав.

Цар тахлын дотоод тархалтыг хумихаар арваннэгдүгээр сард тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд хугацаанд эерэг нөлөөтэй боловч богино хугацаанд эдийн засгийн ажиллагааг хумисаар сэргэлт удаашрах төлөвтэй байна" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө