Хямд үнэтэй “AstraZeneca” болон Оксфордын вакцины туршилт 90 хувийн үр дүнтэй байгааг зарлав

Хямд үнэтэй “AstraZeneca” болон Оксфордын вакцины туршилт 90 хувийн үр дүнтэй байгааг зарлав

Англи Шведийн хамтарсан эмийн компани болох “AstraZeneca” болон Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцин коронавирусийн эсрэг маш сайн нөлөө үзүүлж буйг зарлалаа.

Эмнэлзүйн сүүлийн үеийн туршилтуудын өгөгдлийг шинжилж үзэхэд AstraZeneca-ийн вакцин нь тунг өгөх арга хэлбэрээс хамаарч 62-90 хувьтай үйлчилж байсан нь тогтоогджээ. Хэдий вакцины эцсийн үр дүн тодорхойгүй байгаа ч урьдчилсан дүнгээс харахад сайн мэдээ тун ойртсон гэж үзэж болох юм. Учир нь уг вакцинд давуу тал олон.

Тодруулбал, вакцины  гаж нөлөө бага, өндөр настай хүнд дархлаа илүү сайн тогтдоодог, үнийн хувьд 3-4 ам.доллар бөгөөд, олноор үйлдвэрлэх боломжтой юм.

Одоогоор “Pfizer” ба “Moderna”-ийн вакцины үйлчилгээ 95 хувьтай байгааг зарлаад буй ч хадгалалтын нарийн горимтой нь асуудал болоод байгаа. Харин “AstraZenecа” вакцины хамгийн том давуу тал нь энгийн хөргөгчид хадгалах боломжтой. Вакциныг бүтээгчид хэрэв туршилтын сүүлийн үе шат энэ хэвээрээ амжилттай өндөрлөвөл энэ ондоо багтаан түгээж эхлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ирэх жил гурван тэрбум хүртэлх тунг хийх боломжтой гэж мэдэгджээ. Нэг хүнд ногдох хоёр тунгаар тооцвол энэ нь дэлхий дээрх бараг таван хүн тутмын нэг нь вакцинд хамрагдана гэсэн үг юм. 

Өнгөрсөн 9-р сард Их Британид вакцины туршилтад оролцогч мэдрэлийн өвчнөөр өвчилсний дараа “AstraZeneca” туршилтаа түр зогсоогоод байсан. Гэсэн ч энэ нь вакцинтай холбоогүй аж. Их Британиас гадна туршилтад хамрагдсан Бразилын оролцогчдын мэдээллийг судалж үзэхэд вакцинтай холбоотой ямар нэгэн гаж нөлөө илрээгүй гэдгийг тэд мэдээлжээ. 

Британи, Оксфордын судлаачид вакцины үр дүнгээ зарламагц Английн “LSHTM” анагааны сургуулийн судлаачид мэдэгдэл гаргасан юм. Тэд вакцины гурван шатны туршилтын үр дүнгийн нэг доз ба хоёр дозтой хувилбар дээр  анализ хийж саналаа хэлсэн байна. Мөн Оксфордын эрдэмтэд вакцинаа ДЭМБ дамжуулан ядуу буурай оронд хүргэх гэж байгаад баяр хүргэж, вакциныг энгийн хөргөгчид хадгалах боломжтой нь ядуу орнуудад сайн мэдээ гэдгийг онцолжээ. Оксфорд, АстраЗенека-н эрдэмтэд туршилтын мэдээллийг Их Британи, Европын Холбоо, Бразил дахь зохицуулагч байгууллагуудад хүргүүлж, вакциныг хэрэглэж эхлэх яаралтай зөвшөөрөл авах болно гэжээ. 

Эх сурвалж: NYtimes