Владивосток хотод байгалийн гамшиг болж, бүхэлдээ мөсөн бүрхүүлд автжээ

Владивосток хотод байгалийн гамшиг болж, бүхэлдээ мөсөн бүрхүүлд автжээ

ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт байгалийн гамшиг тохиолдож, хотын цахилгаан, халаалт тасалджээ.

Хүчтэй цасан шуурганы дараа хотын 120,000 өрх цахилгаангүй, усан хангамжгүй, халаалтгүй болж, хотын гудамж талбай бүхэлдээ мөсөн бүрхүүлтэй болсон байна. Ням гарагт хотын ихэнх хэсэгт цахилгаан хангамж сэргэсэн ч өчигдрийн байдлаар 60,000 орчим оршин суугч гэрэл цахилгаангүй хэвээр байжээ.

Владивостокт дэлгүүрүүд хаалттай, ATM-үүд ажиллахгүй, шатахуун түгээх станцууд нөөцгүй болсон байна.

Орон нутгийн цэргийн ангиуд иргэдэд зориулсан зөөврийн гал тогоо ажиллуулж, хүнс тарааж байгааг мэдээлжээ. Иргэдийн ихэнх нь орон гэрээ орхиж, түр хоргодох байр руу нүүсэн байна.

Приморье хязгаарын захирагч Олег Кожемякогийн мэдээлснээр цахилгаан хангамжийг сэргээхэд генераторууд болон бусад сэлбэг хэрэгслүүд шаардлагатай байгаа гэнэ. ОХУ-ын онцгой байдлын яам найман ширхэг дизел генераторыг Владивосток руу илгээснээ мэдэгджээ. ОХУ-ын засгийн газар Владивостокт үүссэн гамшгийг шийдвэрлэх тусгай хороо байгуулж, ажилд нь оруулсныг Песков энэ үеэр мэдээлжээ.