Хятад улс сарны хөрснөөс дээж авахаар роботжуулсан сансрын хөлөг хөөргөжээ

Хятад улс сарны хөрснөөс дээж авахаар роботжуулсан сансрын хөлөг хөөргөжээ

БНХАУ сарны гадаргаас дээж авахаар өчигдөр орой буюу Улаанбаатарын 20:30 цагт /2020.11.23/ роботжуулсан сансрын хөлгөө хөөргөжээ. 

Хөлгийг Хайнань арлын Вэнчань сансрын буудлаас Chang’e-5 хөлгийг тээвэрлэсэн Long March-5 пуужинтай хамт хөөргөсөн байна. Пуужин хөөрснөөс 37 минутын дараа Chang’e-5 хөлөг салж, сарны тойрог замд орох траекторт шилжжээ. Хөлөг сансраар 23 хоног аялах бөгөөд 12-р сарын дундуур дээжийг дэлхийд авчрах төлөвлөгөөтэй байна.

АНУ-ын Аполло хөтөлбөрийн 12 сансрын нисгэгч 1969-1972 оны хооронд зургаан удаа сансарт хөөрөхдөө нийт 382 кг сарны хөрсний дээжийг дэлхийд авчирч байсан түүхтэй. Үүний дараа 1976 онд Зөвлөлт Холбоот Улс сар руу гурван удаа робот станц илгээсний сүүлчийнх нь болох "Луна 24" станц дэлхийд 170 грамм сарны дээжийг авчирсан юм.

Хэрвээ энэ удаагийн нислэг амжилттай болбол БНХАУ сарны хөрснөөс дээж авсан дэлхийн гурав дахь улс болох юм. Тус улс өнгөрсөн онд анх удаа сарны алслагдсан хэсэгт хөлгөө буулгаж байсан бол энэ оны долдугаар сард Ангараг гараг руу анхны робот станцаа илгээсэн билээ. Тус улс 2022 онд дэлхийн тойрог замд байнга ажиллах өөрийн станцтай болохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: BBC