Б.Буджаргалын түрүүлсэн тэмцээн ДАШТ биш ч тамирчдын тэсвэр тэвчээрийг шалгадаг ОУ-ын нэр хүндтэй тэмцээн

Б.Буджаргалын түрүүлсэн тэмцээн ДАШТ биш ч тамирчдын тэсвэр тэвчээрийг шалгадаг ОУ-ын нэр хүндтэй тэмцээн

Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал АНУ-ын Флорида мужид зохион байгуулагдаж буй  “Icarus Florida Ultrafest USA 6” тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэллсэн талаарх баярт мэдээг Монголчууд бид өчигдөр /2020.11.23/ дуулсан. Тэгвэл бид тамирчдын тэсвэр хатуужлыг шалгадаг олон улсад нэр хүндтэй энэхүү тэмцээн нь ДАШТ биш бөгөөд тус тэмцээний талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

  • Тус тэмцээний эхлэлийг тавьсан хүн бол Энх тайвны нэрт зүтгээлтэн Шри Чинмой юм. Тэрбээр 1931 онд Энэтхэгийн Бенгал мужид мэндэлсэн бөгөөд 1964 онд Нью Йорк хотноо ирж суурьшжээ. 1987 онд Шри Чинмой олон улсын хэмжээнд, эгэл жирийн хүмүүсийн дунд тэднийг нэгтгэхийн төлөө Нэгдлийн гэр-Энх тайвны гүйлтийг анх удаа зохион байгуулсан нь Б.Буджаргалын тэргүүлсэн энэхүү тэмцээний үндэс болсон юм. 
  • Тэмцээн нийт зургаан хоног өдөр, шөнийн аль алинд нь үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд хамгийн урт зам туулж чадсан тамирчин ялах юм. 
  • Энэ удаа “Гүйлтийн бурхан” Янис Куросын дэлхийн рекордыг эвдээгүй ч Б.Буджаргал тус тэмцээний дээд амжилт болох 770 км-ийг 17 км-ээр ахиулсан байна. Харин холын зайн гүйлтийн Дэлхийн рекордыг Австралийн тамирчин Янис Курос 1036 км, эмэгтэйчүүдэд Шинэ Зеландын Сандра Барвик 883 км-ийн амжилтаар эзэмшиж байна.
  • Нью-Йорк болон Азийн гүйлтийн тэмцээний зам нь тэгш бол Флоридагийн уралдааны зам өгсүүр, бартаатай учраас тамирчнаас ихээхэн хүч, тэвчээр шаарддаг. Өгсөхөд тамирчин нэлээдгүй ядардаг бол уруудахад үрэлттэй учир тамирчид нэлээд хөлөндөө бэртэл авах эрсдэл өндөр байдаг аж. Б.Буджаргалын хувьд өмнөх тэмцээнүүдээс гурав дахин их хөл нь цэврүүтсэн гэдэг. 

Олимпын марафоны 42 км зайд гүйхэд 80 хувь нь булчин шөрмөс, 20 хувь нь сэтгэл зүй хэрэгтэй бол олон өдрийн гүйлт нь эсрэгээрээ 80 хувь нь сэтгэл зүй, 20 хувь нь биеийн хүч байдаг байна.

  • Нөгөө талаар хэт холын зайн гүйлтийг Бясалгалын гүйлт гэж нэрлэдэг. Нэг үгээр хэлэхэд оюун санаагаараа гүйдэг гэж хэлэхэд болно. Зургаан хоног, зургаан шөнө элдвийг эргэцүүлэн гүйж, өөрийгөө ялан дийлдэг. Бие махбодын хүч чадал 5,10, 20 км гүйгээд дуусдаг бол үүнээс цааш замаа яаж туулах вэ гэдгийг тамирчин сэтгэл зүйгээрээ л удирддаг. Юу бодох, сэтгэхээс амжилт, үзүүлэлт шалтгаална гэсэн үг. Тиймээс л хэт холын зай, олон өдрийн гүйлтийг цэвэр сэтгэл зүйн спорт гэж мэргэжилтнүүд тодорхойлдог байна.
  • Тэмцээн дэлхийн 140 гаруй улсад зохион байгуулагдсан юм. 2005-2012 онд Эв найрамдлын гүйлт нэртэй байсан Энх тайвны гүйлт нь улс төр, мөнгө босгох үйл ажиллагаатай огт холбоогүй бөгөөд харин хүмүүст энх тайван, илүү эв нэгдэлт хорвоо ертөнцийг бий болгох талаар өөрийн хүсэл мөрөөдөл, найдвараа илэрхийлэх боломжоор хангах зорилготой аж.