АНУ-ын эмнэлгийн ажилтнуудад үнэгүй хоолоор үйлчилсэн МОНГОЛЧУУД

АНУ-ын эмнэлгийн ажилтнуудад үнэгүй хоолоор үйлчилсэн МОНГОЛЧУУД

АНУ-ын Кэнтаки мужид хэсэг монголчууд эмнэлгийн ажилчдад үнэгүй хоолоор үйлчилж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээн цацагдаж, олон хүнээс эерэг сэтгэгдэл хүлээсэн билээ.

Тэгвэл энэхүү арга хэмжээг Луисвилль хотод амьдардаг нэгэн монгол залуу санаачлан зохион байгуулжээ. Тэрээр гудамжны түргэн хоолоор үйлчилдэг “Travelling kitchen” гэх газрыг ажилуулдаг бөгөөд хамгийн амттай солонгос тако, буррито, шарсан банш зэргээр үйлчилдэг байна.

АНУ-д цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж, нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед тус улсад тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууддаа талархлаа илэрхийлэх аян эхэлжээ. Үүнийг тохиолдуулан “Travelling kitchen” гэх түргэн хоолны газар эмнэлгийн ажилтнуудад үнэгүй тако, бурритогоор үйлчилжээ.

-МОНГОЛЧУУДЫН АЖИЛУУЛДАГ “TRAVELLING KITCHEN” ХООЛНЫ ГАЗАР НЬ ХАМГИЙН АМТТАЙ ТАКО, БУРРИТО, БУУЗ БАНШ ЗЭРГЭЭР ҮЙЛЧИЛЖ БАЙНА-

Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Эрүүл энхийн манаанд зогсож буй баатрууддаа талархлаа илэрхийлж үнэгүй хоолоор үйлчилсэндээ баяртай байна. Бид нэг өдрийн турш 270 гаруй эмнэлгийн ажилтнуудад үйлчилсэн байна. Сайн дурын ажилд оролцсон “Louisville Sushi Truck” залууст онцгойлон талархал илэрхийлье. Мөн энэхүү арга хэмжээг дэмжиж өгөөмөр зөвлөгөө өгсөн BBQ Cowboy-д баярлалаа. Чөлөөт цагаараа цаг зав, хүч хөдөлмөрөө зориулсанд баярлалаа” хэмээн бичжээ.

Тэд “Ричард Хигдон” болон бусад шүдний эмнэлэгийн хамт олонд үйлчлээд байгаа бөгөөд өнөөдөр Миддлэтаун гудамжинд ажиллаж байгаа аж.

-ТЭДНИЙ АЧААНЫ ЧИНГЭЛЭГНИЙ ГАДАА МАШ ОЛОН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН УРТ ДАРААЛАЛ ҮҮССЭН БАЙСАН БӨГӨӨД ТЭД БҮГД МАШ АМТТАЙГ НЬ ГАЙХАЖ БАЙВ-

Өчигдөр тэдний талаар Кэнтаки мужид үйл ажиллагаа явуулдаг “Whas 11 news” хэмээх мэдээллийн сайт “Улс орон даяар зоогийн газар, үйлчилгээний байгууллагууд эдгээр хүнд өдрүүдэд эмнэлгийн ажилчдад хүч чадал өгөхөд нь туслах зорилгоор үнэгүй хоол болон кофегоор үйлчилж байна. Өнөөдөр Кэнтаки мужид нэгэн түргэн хоолны чингэлэгний гадаа эмнэлгийн ажилчдын урт дараалал үүссэн бөгөөд биднийг очиход хэсэг ази хүмүүс тако, бурритогоор эмч нарт үйлчилж байсан юм. Тэд тус газрын хоолнууд үнэхээр амттай гэдгийг хэлж байсан юм. Мөн дараагийн эмнэлгүүд тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсээр байна” гэж мэдээлжээ.

Мөн өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан олон хүмүүсийн зүгээс эерэг сэтгэгдэл авсан байна. Тухайлбал,

  • Та бүхэн дэндүү сайхан сэтгэлтэй юм. Маш их баярлалаа
  • Урьдчилаад баярлалаа гэдгээ хэлмээр байна. Удахгүй манай эмнэлэг дээр ирнэ гэж итгэж байна.
  • Би энэ газарт маш их дуртай. Учир нь үнэхээр гайхалтай хүн ажиллуулдаг.
  • Үнэхээр өгөөмөр сэтгэл. Тэдний тако үнэхээр гайхалтай.
  • Маш их баярлалаа. Бууз үнэхээр амттай байсан.
  • Гайхамшигтай хоолоор үйлчилдэг гайхалтай хүмүүс” зэрэг сэтгэгдлүүд хөвөрчээ.

-“ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ АМТТАЙ БАЙСАН.  ТА БҮГДИЙН
ӨГӨӨМӨР СЭТГЭЛД ТАЛАРХАЖ БАЙНА”-

АНУ-ын өнцөг булан бүрт эмнэлгийн ажилтнуудад үнэгүй хоол, цайгаар үйлчлэх сайн үйлсийн аян өрнөсөөр байна. Харин энэхүү сайн үйлсийн аянд монгол хүмүүс нэгдэж, тэр тусмаа тэдний хийж үйлчилж буй хоол олон хүмүүсийн сэтгэлд хүрч байгааг харах нь туйлын бахархам явдал билээ. Одоо тэд бэлтгэлээ базааж, илүү хурдан үйлчилгээ үзүүлэхийн тулд дор хаяж дөрвөн ачааны машинтай байхаар төлөвлөж байна.