Монгол Улс Бүгд Найрамдах улс болж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр тохиож байна

Монгол Улс Бүгд Найрамдах улс болж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр тохиож байна

Тэртээх 1924 оны арваннэгдүгээр сарын 26 буюу өнөөдөр Монгол Улс Бүгд Найрамдах улс болж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн тэмдэглэлт өдөр болж байв.

Түүхийг сөхвөл Улсын анхдугаар их хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд нийслэл Хүрээнд эхэлж, халхын 4, дөрвөдийн 2 аймаг, Алтай, Хөвсгөлийн урианхай хошууд, дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас, нийт 77 хүн Их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Их хурлаар олон чухал асуудал хэлэлцсэний дотор анхдугаар Үндсэн хуулийг санал нэгтэй баталсан явдал юм.  Энэ үйл явдал нь эрх чөлөөт монголчуудын зорилгыг тодорхойлоод зогсохгүй, бие даасан тусгаар улс гэдгийг тамгалсан үйл явдал болсныг түүхчид өгүүлдэг.

1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ. Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Эл өдрийг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталж, бүх нийтийн амралтын өдөр болгосон байдаг.