Хойд Солонгосын гимнастикч 3 метр хашааг давж Өмнөд Солонгос руу нэвтэрсэн байжээ

Хойд Солонгосын гимнастикч 3 метр хашааг давж Өмнөд Солонгос руу нэвтэрсэн байжээ

Умард Солонгосын иргэн 3 метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу нэвтэрч чаджээ. Хил давахаасаа өмнө тэрбээр БНАСАУ-ын хамгийн чанга хамгаалалттай газруудаар анзаарагдахгүйгээр өнгөрч чадсан байна. Тус иргэн нь Хойд Солонгосын гимнастикч байсан бөгөөд 30 орчим настай аж. Гэсэн ч хашааг давсны дараа хоёр улс хоорондын цэрэггүй бүсийг өнгөрсөн ч хилээс нэг км-ын зайд Өмнөд Солонгосын цэргүүдэд саатуулагджээ.

БНСУ-ын эрх баригчид түүнийг яагаад оргон зугтах болсныг шалгаж байгаа аж. Түүнчлэн тэд оргон зугтсан эр өөрийгөө гурван метрийн өндөр хашаа давсан гэж үнэн хэлж байгааг шалгахын тулд хийсэн үйлдлийг нь хоёр ч удаа давтан үзүүлэхийг хүсжээ.

Ийм аргаар зугтаж чадсан нь үнэн бол БНАСАУ-ын цэргүүдэд анзаарагдахгүйгээр, цэрэггүй бүсэд байрлуулсан нэг ч минад өртөхгүйгээр БНСУ-д нэвтэрч чадсан нь анхаарал татаж байгаа юм. Түүнчлэн хашаан дээрх мэдрэгчүүд ажиллаагүй байна.

Үүнтэй холбоотойгоор тус улсын Зэвсэгт хүчний төлөөлөгч мэдрэгчүүдийн ажиллагааг шалгахаа мэдэгдсэн байна. Жил бүр дунджаар мянга орчим хүн Умард Солонгосоос оргон зугтаж, дийлэнх тохиолдолд уул толгод, гол усаар дамжсан аюултай замаар дамжин Хятад улсыг зорьдог. Оргон зугтсан хүмүүсийн дийлэнх нь БНСУ руу явж, тэндээ БНАСАУ-аас дүрвэгсдийн дасан зохицох тусгай хөтөлбөрт хамрагддаг байна.

Эх сурвалж: BBC