Д.Лхамжав: Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно гэсэн үгээ тайлбарлах ёстой

Д.Лхамжав: Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно гэсэн үгээ тайлбарлах ёстой

Өчигдөр /2020.11.26/ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/-ийг соёрхон баталсан нэг жилийн ой болж өндөрлөлөө. ҮХНӨ энэ оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхлээд буй. 

Харин тус өөрчлөлтийн нэг заалт ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, ҮХНӨ-ийн 30 дугаар зүйлийн 2-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдох ёстой.

Үндсэн хуулийн өөрлөлтөд Ерөнхийлөгч Х.Баттулга тамга дарах ёслол болов 2019.11.26

Яг энэ заалтын дагуу одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны сонгуулиар дахин нэр дэвших боломжгүй, боломжтой гэх маргаан хуульчдын дунд өрнөсөөр байна.

Цаашлаад Х.Баттулга нэр дэвшсэн тохиолдолд ҮХНӨ-ийн 30.2 дугаар заалт нь үе, үеийн Ерөнхийлөгч нарт дахин төрийн тэргүүнд нэр дэвших боломжийн нээж өгөх боломжтой ч гэж тайлбарлах хэсэг бий. Анх өргөн барьсан төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байсан.

Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн дахин сонгогдох бүрэн эрхийг хязгаарлахгүйгээр зохицуулсан байв. Гэтэл хэлэлцүүлгийн шатанд заавал ингэх шаардлагагүй, дээрх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдөр /2020.05.25/-өөс эрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэнээр дээрх хугацаагаар батлагдсан билээ. Гэтэл “нэг удаа” гэж бичсэний дагуу одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй гэж үзэх хүмүүс байгаа юм.

Бид энэ талаар Үндсэн хууль судлаач, иргэн Д.Лхамжаваас тодрууллаа.

-Үндсэн хуулийн 30.2 дугаар заалтын дагуу одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой юу?

-Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгохдоо нийт ард түмнээс бус УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгодог хялбарчилсан горимд шилжихгүй бол хоёр Засгийн газартай юм шиг нөхцөл байдал үүсээд байна гэж би тухайн үед хэлсэн. Энэ алдааг засах ёстой гэсэн саналыг гаргаж байсан ч засагдаагүй. Цаашлаад Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэхээр улс төрийн тохироогоо яаж хийсэн юм, түүнээс шалтгаална. Мөн 30.2 дугаар заалтыг хуулиар тайлбарлах ёстой. Дагаж мөрдөх хугацаа болон “нэг удаа зургаан жилээр” гэсэн үгээ энэ хууль тогтоогчид тайлбарлах ёстой.

Одоогийн Үндсэн хуульд Ерөнхийлөгч Х.Баттулгад давуу байдал бий болгосон, эрхлүүлсэн заалт ороогүй. Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой дээрх заалтыг 2025 оноос мөрдөхөөр байсан бол Х.Баттулгад давуу байдал бий болгох, эрхлүүлэх байсан.

Гэтэл 2025 оноос биш өнгөрсөн тавдугаар сараас эхлээд мөрдөж эхэлсэн шүү дээ. Шаардлагатай бол хууль тогтоогчид бусад хуулиа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттөө нийцүүлэх ажиллагааг хийх үүрэгтэй шүү дээ. Тэр нь алдаатай бол Үндсэн хуулийн цэцээрээ хэлэлцэгдэж, засагдах ёстой" гэсэн байр суурийг бидэнд илэрхийллээ.